Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Хувийн цэцэрлэгийн сул орон зайг ашиглаж 5,087 хүүхдийг төрийн өмчийн цэцэрлэгийн зардлаар явуулахаар болсон"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа Боловсрол, Шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Цэцэрлэгүүд 3-4 настай хүүхдээ бүртгэх гэхээр багтаамж нь хүрэлцэхгүй, өнгөрсөн жил ачааллаа ихдүүлж ажилладаг байсан цэцэрлэгүүд шинээр хүүхэд бүртгэж авахгүй байна. Цэцэрлэгт орж чадахгүй байгаа хүүхдүүдийнхээ хөгжилд хэрхэн анхаарал хандуулах вэ?

-Энэ онд бид өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл, сургуулийнхаа үйл ажиллагааг эхлүүлж байгааг маш сайн ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн жил бид 3-4 настай хүүхдүүдээ бүгдийг нь цэцэрлэгт хамруулж чадаагүй.

Тодруулбал, 2019-2020 оны хичээлийн жилд нийт хүүхдүүдийнхээ 84.5 хувийг л хамруулсан.

Харин энэ жил БШУ-ы сайдын тушаалаар баталсан журамд, нэг бүлэгт хичээллэх хүүхдийн тоог багассан. Бид ямартай ч өмнө нь явж байсан 3-4 настай хүүхдүүдээ хамруулна. Хэрвээ орон тоо, анги танхимын нөхцөл боломж нь байвал зорилтот бүлгийн хүүхдүүдээ нэмж бүртгэхээр тусгасан.

Өөрөөр хэлбэл, бид энэ жил 3-4 настай бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулах боломж хязгаарлагдмал байгаа учраас цэцэрлэг хамрагдаж чадаагүй хүүхдүүдийн хөгжлийг дэмжих, гэр бүлийнх нь орчинд хөгжүүлэх чиглэлийг бэлэн болгосон.

-Зарим цэцэрлэг 5 настай хүүхдээ бүртгэж авч боломжгүй байна. Үүний улмаас нэмэлтээр түрээсийн байр ашиглах хүсэлтээ  БШУЯ-нд өгчээ. Цэцэрлэгийн бүртгэл эхэлхээс өмнө байр, сууцны асуудлаа шийдвэрлэж болоогүй юу?

-Наймдугаар сарын 11-12-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн бүх сургуулийн өмнөх боловсролын газрын дарга нарт зориулсан сургалтын хүрээнд хэрэгцээгээ нарийвчилж тодорхойлсон.

Энэ жил нэг бүлэгт хичээллэх хүүхдийн тоо бага байх учир сургалтын хувь доогуур буюу хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийн суралцуулах хувь багатай зарим цэцэрлэгт бүлгүүдээ хэрхэн зохион байгуулах, аль болох олон хүүхдийг яаж хамруулах вэ гэдэгт хүндрэл үүсэж байна. Тиймээс ойролцоох хувийн хэвшлийн цэцэрлэгийн сул орон зайг ашиглаж 5,087 хүүхдийг хувийн хэвшлийн цэцэрлэгт төрийн өмчийн цэцэрлэгийн зардлаар авахаар болсон.

Үүний дээр анги танхимын хүрэлцээ тааруу зарим цэцэрлэгийн ойролцоох барилгуудыг түрээсэлж, цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар ажиллаж байна.

Энэ жил таван настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах бодлого хэвээр үргэлжилнэ.

Гол нь бидний баримталж байгаа зарчим нь, харьяаллынхаа дагуу буюу хамрах сурах тойргийнхоо хүрээнд хүүхдүүдээ бүртгүүлэх ёстой.

-Хоёр настай хүүхдийг энэ жил цэцэрлэгт бүртгэж авахгүй байхаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг зөрчвөл тухайн цэцэрлэгт ямар хариуцлага хүлээлгэх вэ. Зарим эцэг, эх хоёр настай хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр хөөцөлдөж буй асуудал гарч байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Сайдын тушаалаар батлагдсан түр журмаар хичээл сургуулийн үйл ажиллагааг үе шаттайгаар эхлүүлж байгаа. Мөн хоёр настай хүүхдийг энэ жил цэцэрлэгт авахгүйгээр хөгжлийг нь эцэг, эх гэр бүлийн орчинд дэмжихээр тусгасан.

Хоёр настай буюу гурван нас хүрээгүй хүүхдийг цэцэрлэгүүд хүлээж авах боломжгүй. Аль ч цэцэрлэг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалыг биелүүлэх үүрэгтэй.

Тушаал, шийдвэрийг зөрчсөн тохиолдол гарвал Мэргэжлийн хяналтын байгууллага хуулийн хүрээнд хариуцлага тооцох эрхтэй. Одоогоор хяналт, шалгалтын ажил нь эхэлсэн явж байгаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/794520414629895

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.