Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны эхний хагаст Шведэд нас барсан хүний тоо сүүлийн 150 жилийнхээ дээд хэмжээнд хүрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

2020 оны эхний хагаст Швед улсад нас барсан хүний тоо тус улсын сүүлийн 150 жилийн хугацааны дээд хэмжээнд хүрсэн байна.

Энэ оны нэгээс зургаадугаар сард 51,405 хүн нас барсан нь 2019 оны эхний хагасын тооноос 6,500 гаруйгаар буюу 15 хувиар давсныг тус улсын статистикийн алба мэдээлжээ.

Хамгийн сүүлд 1869 оны эхний хагаст Шведэд өлсгөлөнгийн улмаас 55,431 хүн нас барж байсан нь өмнөх дээд үзүүлэлт болсон байна.

Энэ оны эхний хагаст Швед улсын хүн ам 2005 оноос хойш хамгийн бага хэмжээгээр өссөн үзүүлэлт гарчээ.

Швед улс коронавирусийн цар тахлын үед хорио цээрийн дэглэм тогтоолгүй, хүн амдаа “сүргийн дархлаа” тогтоох бодлого баримталсан юм. Гэсэн хэдий ч зорилгодоо хүрч чадаагүйг статистик тоо баримт харуулж байна.

Хүн амын 70-90 хувьд эсрэг биет үүссэн тохиолдолд “сүргийн дархлаа” тогтсон гэж үздэг. Гэтэл дөрөвдүгээр сарын сүүлээр нийслэл Стокгольм хотын хүн амын ердөө 7.3 хувьд эсрэг биет үүссэн байжээ.

Өнөөдрийн байдлаар Шведэд коронавирусийн халдварын улмаас амиа алдсан хүний тоо 5,802 хүрээд байна.

“Сүргийн дархлаа” тогтоох зорилгодоо хүрч чадаагүйгээс гадна хорио цээрийн дэглэм тогтоосон хөрш орнуудтай нь харьцуулахад илүү их хүний амь гарзадсан гэж Шведийн эрх баригчдын бодлогыг сүүлийн үед шүүмжлэх болсон юм.

 Цар тахлын улмаас тус улс хүний амиас гадна эдийн засгийн их хохирол амсах төлөвтэй байгаа. Шведийн эдийн засгийн 50 орчим хувь экспорт дээр тогтдог. Коронавирусийн цар тахал дэлхийн эдийн засгийг хямруулснаас гадаад зах зээлийн эрэлт буурсан юм.

Шведийн эдийн засаг энэ онд 5 хувиар агшиж, олон зуун мянган хүн ажлын байраа алдах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: CNN