Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Зээлийн хүүг сарын 1%-аас хэтрүүлэхгүй гэж МАН хөтөлбөртөө тусгасан бол ЗГ-ын хөтөлбөрт энэ тухай нэг өгүүлбэр ч алга"

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Т.Доржханд яг одоо хэлэлцэгдэх гэж буй хуулийн төслүүдтэй холбоотойгоор ажлын албаны гишүүдийнхээ хамт мэдээлэл хийлээ. Засгийн газар мөрөөдлийн тоо тавьж, иргэдийг хуурдаг байдал өнгөрсөн, тооцоо судалгаа хийдэг хүмүүс нь УИХ-д ороод ирсэн тул хяналт тавьж, хэрэгжилтийг шаардана гэдгийг тэрбээр онцлов. 

Ажлын хэсгийн гишүүдийн өгсөн мэдээллийг хүргэе.

Б.Найдалаа: Хэрэв аль нэгэн банканд асуудал үүссэн бол журмынх нь дагуу шийдэх ёстой

 
Гэрэл зургийг MPA.mn

Банкны шинэчлэл гэдэг бол цогц асуудал. Асуудалдаа мөлгөр хандсаар байгаа мөнхийн асуудал болгоод байна. Хэрэв аль нэгэн банканд асуудал үүссэн бол журмынх нь дагуу шийдэх ёстой. Нэгэнт муудсан банк эргэж сэргэдэггүй. Гэтэл асуудлыг нууж, цаг алдсанаас болж Капитал банкны асуудал үүссэн. Үүний цаана төр, иргэд хохирдгийг бид харсан. Тиймээс Монголбанк хяналт шалгалтаа сайжруулмаар байна. Асуудлыг илрүүлсэн бол ном журмынх нь дагуу шийдмээр байна. Үүнийг хийхгүйгээр банкны шинэчлэл хийхгүй, зээлийн хүү буурахгүй. Тиймээс Монголбанк шийдэмгий, хараат бус, улс төрөөс ангид байх хэрэгтэй.

Зээлийн мэдээллийн сангийн төсөл 15 жил болж байгаа боловч хаашаа ч явахгүй байна. Энэ санг үүсгэхгүйгээр зээлийн хүү 1% ч буурахгүй. 

ЖДҮХС-ийн удирдлагыг сольсноос биш засаглалыг өөрчлөөгүй. Ийм нөхцөлд сан жинхэнэ эздэдээ хэзээ ч очихгүй. ЖДҮХС-д зориулсан бүтээгдэхүүнээ сайжруулахгүй бол зээлийн хүү буурахгүй. 

Зээлийн хүүг бууруулах төлөвлөгөөгөө гаргаж байж буурна. Түүнийг цогцоор нь мэргэжлийн түвшинд хийх ёстой.

Б.Мөнхсоёл: Гадаадаас ирэх хүсэлтэй иргэдээ авчрахад ₮42 тэрбум шаардлагатай. Хэнтий аймагт барих гэж буй соёлын төвүүд, мөн нийслэлд музей, номын  сантай холбоотой тулгамдсан бус хөрөнгө оруулалтыг хасахад 47 тэрбум төгрөг болж байна 

 
Гэрэл зургийг MPA.mn

Төсвийн тодотгол дээр манай ажлын алба дүн шинжилгээ хийсэн. 

Төсвийн зарлага талаа харахаар тодотголын төсөл дээр 14.6 их наяд төгрөг болгож, 700 гаруй тэрбумаар нэмэгдүүлсэн. Хэдийгээр мөчлөг сөрсөн буюу ажлын байр хадгалах бодлого хэрэгжүүлэх ёстой гэж хэлж байгаа ч хөрөнгө оруулалт, барилга бүтээн байгуулалтын жагсаалтыг харахад хөрөнгө оруулалтуудыг эрэмбэлээгүй байна. Үүнээс илүү чухал, тулгамдсан асуудлууд байгаа. 

Тухайлбал, гадаадад гацсан иргэдийн талаар Т.Доржханд гишүүний асуулгад Шадар сайд Я.Содбаатар хариу ирүүлэхдээ 12,727 иргэн 55 орноос ирэх хүсэлт гаргасан, Чех, Тайландаас 200 гаруй иргэнээ татан авчрахад 6.6 тэрбум төгрөг гаргасан талаар мэдээлэл өгсөн. Эндээс гадаадад байгаа нэг иргэнийг авчрах дундаж зардал 3.3 сая төгрөг бол нийт иргэнээ авчрахад хэдэн төгрөгийг татаас гаргаж болохыг судлахад 42 тэрбум төгрөг болж байгаа. Тэгвэл хөрөнгө оруулалтын төслүүдээ эрэмбэлээд, тухайлбал, Хэнтий аймагт барих гэж буй соёлын төвүүд, мөн нийслэлд музей, номын  сантай холбоотой тулгамдсан бус хөрөнгө оруулалтыг хасахад 47 тэрбум төгрөг болж байна. 

Төсвийн тодотголоор зарлагаа нэмж, төсвийн алдагдлыг 4.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 12.5 хувьд хүргэж байна. 

Төсвийн тодотголтой холбоотой дагалдах хуулиудыг бид харахад тэр дунд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль байгаагүй. Гэтэл уг хуулийг өчигдөр өргөн барьсныг олж мэдлээ. Дараалал яаж яваад байна вэ. Хууль зөрчсөн хойноо эргээд хуулиа өөрчилдөг болох уу. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зургаа дахь удаагаа өөрчлөх гэж байна. Тиймээс энэ асуудлыг Үндсэн хуульд оруулж, хөдөлгөхгүй болгох хэрэгтэй. 

Д.Гантулга: МАН мөрийн хөтөлбөртөө ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн бол Засгийн газар хөтөлбөртөө "Ядуурлыг тууштай бууруулна" гэж тусгасан

 
Гэрэл зургийг MPA.mn

Бид

  • УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох МАН-ын мөрийн хөтөлбөр
  • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл
  • Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг харьцуулан судалсан. 

Жишээ татъя.

МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Ядуурлыг хоёр дахин бууруулна” гэж тусгасан. ҮСХ-ноос танилцуулснаар Монгол Улсад сарын 166,500 төгрөг ба түүнээс бага хэрэглээтэй буюу ядуу 900 мянган иргэн байна. 2024 он хүртэлх хүн амын өсөлтөө тооцохоор МАН нийт 500 мянган хүнийг ядуурлаас гаргана гэсэн үг. Гэтэл Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлдээ энэ тоог 30% болгосон бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Ядуурлыг тууштай бууруулна” гэж тусгасан. 

Энэ яагаад чухал гэхээр УИХ-ын сонгууль бол даргыг сонгох бус, мөрийн хөтөлбөрийн сонгууль. Мөрийн хөтөлбөр дээр тусгасан бол хэрэгжүүлэх ёстой. Ядаж хэрэгжүүлэхээр зорилт тавих ёстой. Анхнаасаа мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа судалгаа тооцоон дээр суурилсан гэж ярьж байсан ч тийм зүйл алга гэлээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Т.Доржханд мөн нэмж мэдээлэл өгсөн. Тэрбээр “Зээлийн хүүг сарын 1%-аас хэтрүүлэхгүй гэж МАН хөтөлбөртөө тусгасан бол хөгжлийн үндсэн чиглэлд “Зээлийн хүүг бууруулсан байна” гээд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр энэ тухай нэг өгүүлбэр ч байхгүй. 

Иргэн бүрийг урьдчилсан оношилгоонд хамруулахаар сонгуулиар хөтөлбөртөө тусгасан бол хөгжлийн чиглэлд “Оношилгоо шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлнэ, Засгийн газрын хөтөлбөрт “Оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг сайжруулна”. Амалсан зүйлсээ Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгахдаа тоонууд нь алга болж, мөлийж орж ирсэн. Бид үүнийг шахаж ажиллана” гэв. 

Төлөвлөгөө цаас болж ашиглагддаггүй, биелдэггүй, үр дүн гардаггүй, хариуцлага хүлээдэггүй системээр явж ирсэн. Харин одоо судалгаа шинжилгээ хийдэг хүмүүс орж ирсэн. Худлаа тоо бичиж, хуурдаг үе өнгөрсөн. УИХ, байнгын хороон дээр би асууж,  баримтжуулж байгаа. Дараа нь түүнийгээ нэхнэ. Цаашдаа ийм байдлаар ажиллаж, судалгаа, бодлого хэрэгжилтийг шаардах болно гэлээ.