Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн түүхэнд хамгийн том эсэргүүцлийн жагсаал боллоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагийн үдээс хойш Минск хотод Беларусь улсын түүхэнд байгаагүй томоохон эсэргүүцлийн жагсаал болжээ.

Нийтдээ 100,000 орчим хүн оролцсон энэ жагсаал ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болсноос яг нэг долоо хоногийн дараа болж байна.

Өнгөрсөн долоо хоногийн турш сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцэл үргэлжилсэн юм. Беларусийн иргэд өнгөрсөн сонгуулийг шударга бус болсон гэж үзэж байна.

Энэ сонгуулиар 1994 оноос хойш Беларусийг тасралтгүй захирсан ерөнхийлөгч Александр Лукашенко 80 орчим хувийн саналаар зургаа дахь удаагаа сонгогдсон юм.

Хоёр сая орчим оршин суугчтай Минск хотод 100,000 хүн цугларсан нь хэр том арга хэмжээ болсныг харуулж байна. Брест, Гродно зэрэг бусад хотуудад өчигдөр жижиг хэмжээний жагсаалууд болжээ.

Эсэргүүцлийн жагсаалын өмнө Ням гарагт Лукашенког дэмжигчдийн томоохон цуглаан болсон юм. Уг арга хэмжээнд 65,000 орчим хүн оролцсон гэсэн албан ёсны тоо байна.

Лукашенко энэ үеэр “Хэрвээ анхны ерөнхийлөгчөө устгавал энэ улс орон устах замдаа орох болно. Хэрвээ сонгуулийг дахиж явуулбал манай улс сүйрнэ. NATO-гийн цэргүүд манай баруун хил дээр довтлоход бэлэн байна” гэх зэргээр ярьжээ.

Тэр бас улс орныхоо дотоод нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд Оросоос цэргийн тусламж хүсэх боломжтойг энэ үеэр хэлсэн байна.

Лукашенкогийн байр суурь урьд урьдынхаас илүү суларсныг олон үйл явдлууд харуулж байгаа юм. 

Тухайлбал түүний дэглэмийг байнга сурталчилдаг төв телевизийн ажилтнууд улс орондоо шинэчлэлт хийхийг уриалж эхэлжээ. Гадаадад суугаа элчин сайд нараас анхны дипломатч иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа мэдэгдсэн юм. Словак дахь элчин сайд Игорь Лещеня өчигдөр энэ талаар видео мэдэгдэл гаргажээ.

Тэрбээр нэг охиных нь ангийн оюутан өнгөрсөн долоо хоногийн жагсаалын үеэр цагдаа нарт зодуулж, хүнд бэртсэнийг дурдаад энэ нь 1930-аад оны Сталины дэглэмийн үетэй адилхан байгааг ярьсан байна.

Эсэргүүцлийн жагсаал шөнө дунд хүртэл тайван үргэлжилж сүүлдээ баяр наадмын уур амьсгалтай болж хувирчээ. Энэ үеэр цэргүүдийг ачсан 50 орчим хуягт тэрэг үйл явдлыг хянаж байсан тухай гэрчүүд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian, Russia Today