Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Салбар дундын тархи судлал" олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Олон улсын Тархи судлалын байгууллага IBRO-с жил бүр зохион байгуулдаг "Multidisciplinary Brain Science" олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ.

Дэлхий дахинд 40 гаруй жилийн өмнөөс тархи судлалын шинжлэх ухаан эрчимтэй хөгжсөнөөр хиймэл оюун ухаанд суурилсан технологи, биотехнологи, генийн инженерчлэл, үүдэл эсийн эмчилгээ, сансрын биологи зэрэг салбаруудад үсрэнгүй дэвшил гарч, үр шимийг нь хүн төрөлхтөн өдөр тутмын амьдралдаа хүртэж байна.

НЕЙРОСАЙНС нь тархи, мэдрэлийн эрхтэн тогтолцоог медиатор, гормон, мэдрэлийн эс, мэдрэлийн ширхгүүд, анатоми морфологи, эд эрхтний түвшинд физиологи, иммунологи, молекул биологи, эд эс судлал, хими, физик, программ хангамжийн олон аргуудын тусламжтай мэдрэл сэтгэцийн өвчин эмгэг судлал, дүрс оношилгоо, зан үйл, нийгмийн сэтгэхүй, нейромаркетинг зэрэг олон талбарт судалдаг орчин үеийн шинжлэх ухаан билээ. 

XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан гэж тооцогддог тархи судлалын ухаанд орчин үеийн шинэ технологийг эх орондоо нутагшуулж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, мэргэжилтнүүдийн боловсролыг дээшлүүлэх, судалгаанд суурилсан төрийн бодлого боловсруулах, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх аливаа хүчин зүйлийг бүртгэж судлах, аж үйлдвэржилтийг түргэсгэхэд тархи судлалд суурилсан хиймэл оюун ухааныг ашиглах шаардлага тулгарчээ.

Монгол хүний эрүүл, үр бүтээлтэй, аз жаргалтай, урт удаан амьдрах орчныг бүрдүүлсэн, өндөр хөгжилтэй, хүчирхэг нийгэм байгуулахад тархи судлалын шинжлэх ухаан чухал үүрэг гүйцэтгэх учиртай.

Тус олон улсын хуралд тархи судлалын шилдэг эрдэмтэд оролцож, сүүлийн үеийн ололт амжилт, туршлага, ирээдүйн төлөвлөгөөгөө танилцуулж буй.

Өнөөдөр хэлэлцүүлэх лекцийн сэдвүүд, илтгэгч нар:

  1. “Ой санамж болон синапсын холбоо” – Бонг-Киун Каанг, Сөүлийн их сургуулийн профессор,
  2. “Бид нар яаж халуун ба өвдөлтийг мэдэрдэг вэ?” Тэцүяа Хирамото, Кюүшүгийн их сургуулийн психосоматик тэнхимийн эрхлэгч,
  3. “Нуруу нугасны мэс засал” - Вадим Вывальцэв, Эрхүүгийн анагаахын сургуулийн мэдрэлийн мэс заслын тэнхимийн эрхлэгч,
  4. “Амьд хүний тархины гэрэл зургийг авах арга” - Кай Ванг, хятадын ШУ академиийн оптикал инженерчлэлийн лабораторийн ахлах судлаач,
  5. “Загатнах мэдрэмж нь мэдрэлийн өвчний шинж тэмдэг үү?” - Хюүнг Гон Ко, Сөүлийн их сургуулийн профессор,
  6. “Архинд донтолтын үед тархинд гарах өөрчлөлтүүд” - Жаяа Кумар, малайзийн их сургуулийн профессор,
  7. “21-р зууны сэтгэлзүйчдийн үүрэг даалгавар”- Норман Сарториус, ДЭМБ-н Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих холбооны тэргүүн,
  8. “Аутизм өвчин ба гэдсэн дэх ашигтай бактерийн уялдаа холбоо - Ранжана Бхандари, Энэтхэгийн Пунжаб их сургуулийн эм судлалын тэнхимийн профессор,
  9. “Бага орлоготой ард түмний дундах тоглоом ба тоглох үеийн бодолгүй төлөв байдал” -Николас Панг, Малайзийн Сабах их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор,
  10. “Биечлэн турших болон санал асуулгын баталгаажуулалт, сэтгэл зүйн шинж”- Энхнаран, АШУҮИС-н ШУТГ-н мэргэжилтэн,
  11.  “Монгол хүний гүрээний артерийн судасны өнгөт ЭХО” - Пунцагдулам, АШУҮИС-н мэдрэл судлалын тэнхимийн багш,
  12. "Жуллаин-Баррын синдром буюу мэдрэлийн өвчтэй хүнд тархины цахилгаан бичлэгт F долгион илрэхгүй байгаа тухай” - Гантуяа, АШУҮИС-н мэдрэл судлалын тэнхимийн багш,
  13. “Тархины цус харвалт болон халдварт саа өвчний үед Витамин 12-н үүрэг” – Надмид, Monfa LLC эмийн үйлдвэр,
  14. “Зурагт үзэх нь хүүхдийн зан араншинд нөлөөлөх нь” - Баярмаа, МУБИС-н профессор,
  15. “Өсвөр насныхны амьдрал болон үнэт зүйлс” - Туяа, БЗД-н хүүхэд залуусын төв
  16. Тогтмол ажилтай насанд хүрэгчдийн тамхи татах сэдлийн тухай - Энх-Учрал, Энх-Учрал клиник
Тус хурлыг ийнхүү зохион байгуулснаар шинэ шинжлэх ухаан болох нейросайнсийн салбарт Монгол Улс олон улсын түвшинд хүрч ажиллаж буйг илтгэх үзүүлэлт болох төдийгүй цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг Тархи судлалын хүрээлэнгийнхэн онцлов.