Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-д суралцдаг 12 мянган монгол оюутан болон тус улсад зорчих хүсэлтээ өгсөн 170 гаруй иргэний асуудал тодорхойгүй хэвээр байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
www.etripchina.com

БНХАУ нь 2020 оны гуравдугаар сарын 23-н өдрөөс гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан.

БНХАУ-д зорчих хүсэлт гаргасан Монгол Улсын 170 гаруй иргэний хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээн аваад байгааг тус яамнаас мэдээллээ.

Эдгээр хүний 110 орчим иргэн нь холимог гэр бүл буюу Монгол-БНХАУ-ын иргэд хоорондоо гэр бүл болсон иргэд байгаа бол 60 гаруй Монгол иргэний бизнес, ажил зэрэг нь БНХАУ-д байдаг учир тус улсад зорчих хүсэлтэй. Мөн энэ дотор бага сургуульд суралцдаг сурагчид багтаж байгаа аж.

БНХАУ-д суралцдаг 12 мянга орчим Монгол оюутан байдаг бөгөөд 2020-2021 оны хичээл нь хэзээ эхлэх нь тодорхой болоогүй бөгөөд БНХАУ-ын зүгээс оюутнуудыг хэрхэн сургуульд нь суралцуулах шийдвэрээ гаргаагүй байна.

Одоогоор оюутнуудын хувьд БНХАУ-руу зорчих хүсэлт хараахан гаргаагүй бөгөөд БНХАУ-ын тал шийдвэрээ гаргасны дараа уг асуудал тодорхой болох юм байна.

Монгол, Хятад улсын хооронд "Ногоон гарц" түр журам үйлчилж буй бөгөөд энэхүү түр журмаар БНХАУ-ын тал зөвхөн ачаа тээврийн жолооч нарыг хоёр улсын хилээр нэвтрүүлэх, буцаан оруулах асуудлыг зөвшөөрч буй бөгөөд бусад зоригчийг нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн учир БНХАУ-д түр болон удаан хугацаанд зорчих хүсэлт гаргасан иргэдийг тус улс руу явуулах боломжгүй байгаа талаар Гадаад харилцааны яам мэдээллээ.