Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нөөц 2019 онд өмнөх жилээсээ 5%-аар өсжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт нөөц өссөөр 2019 онд 8.6 тэрбум киловатт цаг болж, өмнөх оноос 0.4 тэрбум киловатт цаг буюу 5.1 хувиар, 2010 оноос 4.0 тэрбум киловатт цаг буюу 88.5 хувиар нэмэгдсэн байна.

Цахилгаан эрчим хүчний нийт нөөцийн:

  • 6.9 тэрбум киловатт цаг буюу 80.0 хувийг 2019 онд дотооддоо үйлдвэрлэж,
  • 1.7 тэрбум киловатт цаг буюу 20.0 хувийг БНХАУ болон ОХУ-аас импортоор авч хэрэглэсэн байна.

График 1, Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, импорт, тэрбум киловатт цагаар (график дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Дотооддоо үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч 2019 онд 6.9 тэрбум киловатт цаг байгаа нь өмнөх оноос 0.4 тэрбум киловатт цаг буюу 5.6 хувиар, 2010 оноос 2.6 тэрбум киловатт цаг буюу 60.0 хувиар өссөн үзүүлэлт гэж Үндэсний Статистикийн Хорооны бэлтгэсэн "Монгол Улсын Эдийн засгийн Аюулгүй байдал" судалгаанд дурджээ.

Монгол Улсын эрчим хүчний систем нь 5 бүсэд хуваагддаг.

Үүнд:

  1. Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудыг холбосон Баруун бүсийн нэгдсэн сүлжээ нь эрчим хүчийг ОХУ-аас шууд импортлон түгээдэг.
     
  2. Алтай, Улиастайн нэгдсэн сүлжээ нь Дөргөний усан цахилгаан станц, Тайшир-Гуулин усан цахилгаан станц, Богдын голын усан цахилгаан станц, Тосонцэнгэлийн усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг дамжуулан Говь-Алтай, Завхан аймгийг эрчим хүчээр хангаж байна.
     
  3. Зүүн бүсийн нэгдсэн сүлжээний хувьд, Дорнодын дулааны цахилгаан станцаас гадна ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортлон Дорнод, Сүхбаатар аймгийг эрчим хүчээр хангаж байна.
     
  4. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ нь ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Дарханы дулааны цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ, ДарханСэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ, Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээгээр дамжуулан түгээж байна.
     
  5. Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ нь Даланзадгадын дулааны цахилгаан станцаас гадна БНХАУ-аас цахилгаан эрчим хүчийг импортлон Өмнөговь аймгийг цахилгаанаар хангаж байна.

Нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн:

  • 56.1 мянга буюу 7.8 хувь нь ААНБ,
  • 662.6 мянга буюу 92.2 хувь нь айл, өрх байна.

Монгол Улсын хэмжээнд суурилагдсан цахилгаан эрчим хүчний хүчин чадал 2019 онд 1,407.4 МВт болж, 2011 оноос 613.1 (77.1%) МВт-аар нэмэгдсэн байна.

Суурилагдсан хүчин чадлын ашиглалт 799.0 МВт болж, 2011 оноос 327.9 (69.6%) МВт-аар нэмэгдсэн бол суурилагдсан хүчин чадал ашиглалтын хувь 2019 онд 56.8 хувь болж, 2011 оноос 2.5 пунктээр буурсан байна. Цахилгаан дамжуулах, түгээх агаарын шугамын урт 2019 онд 41.9 мянган км, цахилгаан дамжуулах, түгээх дэд станцын тоо 6,387 байна. 

 

Эх сурвалж: ҮСХ