Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн шинжилгээ хийхэд итгэмжлэгдсэн лабораториудын 30-40%-ийн л нөөцийг ашиглаж байгаа гэв

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19 халдварын үед гадаадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах ажил удаашралтай байгаа талаар иргэдийн гомдол хөвөрсөөр байгаа.

УОК-ын зүгээс татан авах ажлыг тасралтгүй зохион байгуулж, тусгай нислэгийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа хэмээн мэдээлсээр байгаа ч эмнэлэг, лабораторийн хүчин чадал, онгоц, тусгаарлах байрны хүрэлцээ гээд яг хаана нь асуудал үүсээд байгааг тодорхой мэдээлэхгүй байгаа юм.

Тиймээс ХӨСҮТ-ийн орны тоо болон PCR шинжилгээ хийж буй лабораториудын хүчин чадлыг тусгай нислэгээр хүлээн авч буй иргэдийн тоотой харьцуулан тодрууллаа.

Өнгөрсөн хугацаанд нийт 293 коронавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 63 хүн нь эмчлэгдэж байна. ХӨСҮТ 250 орыг коронавируст халдварын үед ашиглахаар бэлдсэн бөгөөд цаашид нэмэгдүүлэх боломжтой хэмээн мэдээлсэн.

Тэгвэл лабораторийн хүчин чадал хүрэлцээтэй эсэхийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад "Манай улсад PCR шинжилгээ хийх улсын зургаан лаборатори итгэмжлэгдсэн байгаа. Тэдгээрт хоногт 2,000-3,000 шинжилгээ хийх боломжтой. Одоогоор өдөрт дунджаар 600-900, хамгийн багадаа 400 шинжилгээ хийж байна. Наймдугаар сард тусгай нислэгийн тоо нэмэгдэх учраас өдөртөө дунджаар 1,000 хүний сорьцод шинжилгээ хийхээр байгаа" гэдгийг хэлэв.

Дээрх мэдээллүүдээс харвал лабораторийн шинжилгээ хийх болон, ХӨСҮТ-ийн орны тоо татан авалтыг хязгаарлах шалтгаан биш байх нь.