Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп ойрын өдрүүдэд Хятадын программ хангамжийн компаниудын эсрэг арга хэмжээ авна гэв

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Америкийн үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй Хятадын программ хангамжийн компаниудын эсрэг ерөнхийлөгч Дональд Трамп тодорхой арга хэмжээнүүдийг авахаар ажиллаж буй тухай АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.

Тэрбээр жишээ болгон сошиал сүлжээний TikTok аппликэйшныг хэрэглэгчийн мэдээллийг Хятадын Коммунист Намд дамжуулдаг гэж буруутгасан байна.

TikTok компани Хятадын эрх баригчидтай мэдээлэл хуваалцдаг гэх сэжгийг эрс няцааж байгаа. Өчигдөр Fox News нэвтрүүлэгт ярихдаа Помпео АНУ-ын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй “тоо томшгүй” олон компани мэдээллээ Хятадын Коммунист Намтай хуваалцдаг гэжээ.

Баасан гарагт Дональд Трамп TikTok үйлчилгээг АНУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг нь хориглохоор төлөвлөж байгаагаа зарласан юм.

Ихэвчлэн 20-оос доош насныхан ашигладаг TikTok платформыг Бээжинд төвтэй ByteDance компани эзэмшдэг. Уг үйлчилгээг АНУ-д 80 сая гаруй хүн ашигладаг гэсэн мэдээлэл бий.

Үүнээс гадна TikTok-ийн АНУ дахь салбарыг Америкийн компани руу шилжүүлэх хувилбар яригдаж байна. Хэд хэдэн компани TikTok-ийг худалдаж авахаар сонирхож байгаагийн дотор технологийн аварга компани Майкрософтын нэр яригдаж байгаа юм.

Майкрософтын гүйцэтгэх захирал Сатья Наделла өчигдөр буюу Ням гарагт энэ асуудлаар Дональд Трамптай ярилцсан тухай тус компанийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: BBC