Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс Ангараг гарагт судалгааны станц буулгасан гурав дахь улс болох зорилготойгоор сансрын хөлгөө хөөргөлөө

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Хятад улс Ангарагт гараг руу сансрын хөлгөө хөөргөлөө. Энэ нь тус улсын хувьд Улаан нүдэн гарагт хүрэх хоёр дахь оролдлого юм.

Пүрэв гарагийн үдээс хойш Хайнань арлын Вэнчань сансрын төвөөс 57 метр урттай Long March 5 пуужин хөөрсөн байна. 

Уг пуужинд Ангарагт хүрэх 5.5 тонн жинтэй Тянвэн-1 хөлгийг тээвэрлэжээ. Хэрвээ аялал амжилттай болвол уг хөлөг 2021 оны хоёрдугаар сард Ангарагийн тойрог замд хүрч, станцаа буулгах юм.

Ингэвэл Хятад улс Ангараг гарагийн гадарга дээр станцаа буулгасан дэлхийн гурав дахь улс болж, түүхэнд АНУ, Оросын дараа нэр нь бичигдэнэ.

Тус улс 2011 онд Ангарагийн анхны туршилтын хөлгөө Оросын пуужинд тээвэрлүүлэн хөөргөж байв. Гэвч дэлхийн нам өндрийн тойрог замд хүрсэн Инхуо-1 хөлгийн хөдөлгүүрт асуудал гарч, аялалаа үргэлжлүүлж чадаагүй юм.

Тянвэн-1 хөлгийн газардах станц Ангарагийн хөрсний найрлага, геологийн бүтцийг судалж, усны нөөц, амьдралын ул мөрийг хайх гэнэ. Цаашлаад 2030 онд Ангараг гарагийн хөрсний дээжийг дэлхийд авчрахад уг хөлөг чухал үүрэг гүйцэтгэх ажээ.

Өнгөрсөн Ням гарагт Арабын Нэгдсэн Эмират улс анхны хөлгөө Ангараг гараг руу хөөргөсөн билээ. Долдугаар сарын 30-нд NASA дараачийн судалгааны станцаа мөн тус гараг руу илгээх юм.

Долдугаар сарын сүүлээр Дэлхий болон Ангараг гарагууд хамгийн ойр зайнд байрлах тул дээрх гурван улс хөлгүүдээ дараалан хөөргөж байна. Ийм боломж хоёр жил тутамд цөөн удаа тохиолддог байна.

Ангарагийн атмосфер нь сийрэг учраас сансрын хөлөг газардахдаа хурдаа удаашруулж чадалгүй хүчтэй унаж осолдох магадлал өндөр. Нөгөө талаас нэвтэрсэн сансрын хөлгийг шатааж чадах хэмжээний нягтралтай юм.

Тиймээс Ангарагт газардах маш хэцүү бөгөөд өнөөдрийг хүртэл илгээсэн хөлгүүдийн талаас илүү нь сүйрсэн байдаг. Хамгийн сүүлд 2016 онд Европын Schiaparelli хөлөг Ангарагт осолдсон юм. Газардах үеэр уг хөлгийн  хурдасгуурууд хэт эрт ажиллаж эхэлсэн тул өндрөөс унаж дэлбэрсэн байна.

 

Эх сурвалж: Tech Insider