Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Залуусын оролцоо чухал, нөлөөтэй гэдгийг харуулж чадлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 7 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуульд иргэдийн, тэр тусмаа залуучуудын сонгуулийн талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, сонгуулийн оролцоог сайжруулах зорилго бүхий хэд хэдэн санаачилга, хөдөлгөөн өрнөсөн билээ. Тэдний нэг нь Лийд төгсөгчдийн холбооноос (LEAD Alumni Association) зохион байгуулсан “Сонгуулийн дата хакатон” юм. 

Тус хакатонд 18-35 насны судлаач, сэтгүүлч, дата аналист, активист, дизайнер гэсэн таван гишүүнээс бүрдсэн 6 баг шалгаран оролцож, 48 цагийн хугацаанд бүтээл гарган өрсөлдсөн. Тэмцээний үр дүнд залуусын сонгуулийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх олон санал, санаачилга гарсны нэг нь УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр насны ангилал бүхий сонгогчдын ирцийн мэдээллийг олон нийтэд шинэлэг хэлбэрээр шуурхай хүргэх, улмаар түүгээр дамжуулан залуучууд, сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалах, давалгаа өрнүүлэх явдал байлаа. Хакатоны тэргүүн байрын шагналт “2020” багийн гаргасан тус санааг Азийн сан дэмжиж, Сонгуулийн Ерөнхий хороо, www.ikon.mn мэдээллийн сайттай хамтран ажил хэрэг болгохоор Лийд төгсөгчдийн холбоо идэвхийлэн ажиллалаа. 

УИХ-ын сонгуулийн ирцийн мэдээллийг Монголд анх удаа 4 насны ангиллаар бэлтгэн шууд дамжууллаа. 

Сонгуулийн дата хакатонд оролцогсдод тулгамдаж байсан нэг бэрхшээл бол дата мэдээллийн олдоц бага, нээлттэй олдож буй мэдээлэл нь харьцуулсан дүн шинжилгээ хийж болохуйц хэлбэрээр бэлтгэгдээгүй, хангалттай бус зэрэг хүндрэлтэй байсныг оролцогчид өгүүлж байв. Тухайлбал үе үеийн сонгуулийн ирцийн мэдээллийг насны ангиллаар, мөн тухайн насны бүлэгт харгалзах хувь хэмжээг нь тооцсон байдлаар гаргаж байсан тохиолдол үгүй билээ. Энэ мэт тодорхойгүй байдлыг засч сайжруулах, мэдээллийг ил тод, хэрэглэгдэхүйц болгох зорилгын дор ирцийн мэдээллийг гаргахаар ажилласан юм. 
  
Зураг 1. УИХ-ын сонгуулийн тойргуудын ирцийн хувь хэмжээ

 

Уг холбоосоор орж үзвэл зурагт үзүүлсэн мэдээлэл харагдана. Тойрог бүр дээр очмогц сонгогчдын ирц 18-25 нас, 26-40 нас, 41-55 нас, 56 ба түүнээс дээш нас гэсэн ангиллаар задрах бөгөөд 1) тухайн тойрог дээр нийт саналаа өгсөн сонгогчдын тоог тус насны бүлгээр, 2) тухайн тойрогт санал өгөх ёстой тус насны бүлгийнхний хэдэн хувь нь саналаа өгсөн байгааг харж болно. (Жич: дээрх насны ангилал нь СЕХ, УБЕГ-аас гаргасан ангилал болно)
Дээрх насны ангилал бүхий ирцийн мэдээллийг УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр шууд дамжуулснаар харгалзах тойрог бүрт амьдарч буй залуусын санал цөөн эсвэл хангалттай байгаа эсэхийг танилцуулж, идэвхжүүлэхээр зорьсон билээ. 

“+1 Youth Vote” буюу “Нэгээр Нэмчлээ” сошиал хөдөлгөөнийг зохион байгуулж ажиллалаа.

Бидний 1 санал ч үнэ цэнтэй, оролцоог бодитоор харуулъя гэсэн уриан дор залуучуудын оролцоог нэгээр нэмснээ илэрхийлэх “Нэгээр нэмчлээ” сошиал хөдөлгөөнийг мөн зохион байгуулав. Ингэхдээ залуусын идэвхтэй ашигладаг сошиал медиа болох Фэйсбүүк, Инстаграмд профайл зургаа өөрчлөх, хаштаг, хүрээ ашиглах, филтер ашиглан стори оруулах зэргээр саналаа өгөхийг уриаллаа.        

Зураг 2,3. Нэгээр нэмчлээ аяны оролцогчдын төлөөлөл

18-25 насны сонгогчдын ирц нэмэгдсэн дүн гарав. 

Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан судалгаагаар 18-25 насны сонгогчдын ирц 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр улсын хэмжээнд ойролцоогоор 51 орчим хувьтай байжээ. Тэгвэл СЕХ, УБЕГ-ын тоон мэдээлэлд тулгуурлан Лийд төгсөгчдийн холбоо, ikon.mn сайтын хамтран гаргаснаар тус насныхны оролцоо 2020 онд 62 хувьд хүрч нэмэгдсэн байна. 

Зураг 4. 2020 оны сонгуулийн ирц, насны ангиллаар

 

Энэ нь залуусын сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилго дор зохион байгуулагдсан олон санаачилга, хөдөлгөөн үр дүнгээ өгсөний илрэл болсон юм. Түүнчлэн хамгийн чухал нь ирцийн мэдээллийг ил тод, шуурхай харуулсан нь залуусын эдгээр хүчин чармайлтыг дэмжих, үр нөлөөг нь хэмжих боломжийг бий болгосноороо ач холбогдолтой байлаа. Уг жишгийг хадгалж, илүү ил тод, нээлттэй байхад холбогдох байгууллагууд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Лийд Төгсөгчдийн Холбоо   

Лийд Төгсөгчдийн Холбоо нь ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлж, иргэн бүрийг тэгш хамруулсан, хүртээмжтэй нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулах зорилготой “LEAD Mongolia” хөтөлбөрийн төгсөгчдийн 2018 онд үүсгэн байгуулсан төрийн бус байгууллага юм.