Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Энхболд: Баяр наадмын үеэр 230 мянган тээврийн хэрэгсэл хотоос гарсан

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Хуралдааны эхэнд баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байсан талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Э.Энхболд мэдээлэл хүргэсэн юм.

Иргэд зөвхөн цагдаад торгуулахгүй байх үүднээс аюулгүйн бүсээ зүүгээд бусад үед зүүхгүй байна

Тэрбээр “Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой 1,520 дуудлага ирсэн. 2019 онд 110 мянган тээврийн хэрэгсэл хотоос гарч, орох хөдөлгөөн хийсэн байдаг.

2020 онд буюу энэ жил 230 мянган тээврийн хэрэгсэл нийслэлээс гарч, орсон. Өөрөөр хэлбэл, нийслэлд 350 мянган тээврийн хэрэгсэл идэвхтэй байдаг бол тэдний 230 мянга нь нийслэлээс гарсан гэсэн үг. Иргэд зөвхөн цагдаад торгуулахгүй байх үүднээс аюулгүйн бүсээ зүүгээд бусад үед зүүхгүй байх сөрөг хандлагатай байна.

Наадмын өдрүүдэд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал хэвийн байлаа. Харин хотоос гарсан жолооч нар хурд хэтрүүлж, зам тээврийн осол гаргаж байна” гэв.

Хотоос гарах хөдөлгөөнд хяналт шалгалтыг явуулна

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Онцгой комиссоос өнөөдөр Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангуулах шийдвэр гаргаж байна. Бид коронавирусийн эсрэг ямар хатуу арга хэмжээ авч байгаа билээ. Түүнтэй дүйцэхүйц байдлаар тарваган тахалтай тэмцэх шаардлага үүсэж байна. Шалган нэвтрүүлэх товчоодод гэлтгүй хотоос гарах хөдөлгөөнд хяналт шалгалтыг явуулна. Иргэд бүгд нийтээрээ, бусдадаа шаардлага тавих хэрэгтэй. Хүүхдээ аюулгүйн суудалд суулгах, хурдаа тааруулах, аюулгүйн бүсээ зүүх, тарваганы мах идэхгүй, тээвэрлэхгүй байхыг бусдадаа анхааруулах шаардлагатай байна” гэв.

Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн газар бүгд хамтарч энд онцгой анхаарч ажиллана. Мөн нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд өөр өөрсдийн чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

Тарваган тахлын эрсдэл бүхий бүсүүдийн орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Цагдаагийн байгууллага хууль бус ан агнууртай холбоотой мэдээллийг тухай бүрд нь олон нийтэд нээлттэй мэдээлж, хяналт тавьж ажилла гэсэн үүргийг нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсгийн гишүүдэд өглөө.

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/287205909227002/