Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн компаниуд Хуавэй компанийн 5G төхөөрөмжийг ашиглах эрхгүй боллоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Их Британийн засгийн газрын шийдвэрээр тус улсын харилцаа холбооны компаниуд ирэх оноос эхлэн сүлжээндээ Хятадын Хуавэй компанийн 5G тоног төхөөрөмжийг шинээр худалдаж авах эрхгүй болсон байна.

Мөн одоо хэрэглэж байгаа 5G төхөөрөмжүүдээ 2027 оноос өмнө ашиглалтаас гаргах ёстой болжээ.

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үндэслэлээр ийм шийдвэр гаргаснаа Их Британийн дижитал хөгжлийн асуудал хариуцсан сайд Оливер Доуден өчигдөр парламентын нийтийн танхимд үг хэлэхдээ тайлбарласан байна.

Их Британи улсаас өмнө АНУ ийм шийдвэр гаргаад байсан юм.

Ингэснээр Их Британи улсын 5G сүлжээнд шилжих үйл явц нэг жилээр хойшилж байгаа ажээ.

Хуавэйгээс татгалзах болсноор тус улс нийтдээ 2 тэрбум паунд хүртэл хэмжээтэй нэмэлт зардал гаргах болж байгааг тайлбарласан Доуден “Энэ бол хялбар шийдвэр биш байлаа. Гэхдээ Британийн харилцаа холбооны компаниудын хувьд, манай үндэсний аулгүй байдал, эдийн засгийн хувьд урт хугацаандаа үр дүнгээ өгөх зөв шийдвэр болсон” гэж хэлсэн байна.

Гэхдээ Хуавэй компанийн гар утаснуудыг хэрэглэх эрх британичуудад нээлттэй үлдэх ажээ.

Шийдвэрийг зарласны дараа тус улс дахь Хятад улсын элчин сайд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

“Бусад улс орнуудын компаниудад Их Британи улс бизнесийн нээлттэй, эрх тэгш, ялгаваргүй нөхцөл олгож чадах эсэх нь эргэлзээтэй болж байна” гэж элчин сайд Лю Шяоминь твиттер хуудсандаа бичжээ.

Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео холбоотон орныхоо шийдвэрийг талархан хүлээж авч буйгаа мэдэгдсэн байна.

Вашингтоны засаг захиргаа Хуавэй тэргүүтэй технологийн компаниудыг Хятадын засгийн газартай хамтран ажиллаж, тагнах үйл ажиллагаа явуулдаг гэж сэжиглэдэг ба өөрийн холбоотон улс орнуудад тус компанийн бүтээгдэхүүний эсрэг хориг тавихыг уриалдаг.

Харин Хуавэй компани тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гэх сэжгийг эрс няцаадаг юм.

Хуавэй нь өнөөдөр 5G сүлжээний технологиор дэлхийд тэргүүлж, зах зээлийн ихэнх хэсгийг эзэлдэг. Тус компанийн эсрэг тавьсан хориг Нокиа, Эрикссон зэрэг Европын өрсөлдөгчдөд нь боломж олгож байна.

 

Эх сурвалж: BBC