Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Залуу эрдэмтдэд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгов

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Докторын дараах судалгаанд олгодог шинжлэх ухааны асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэгт шалгарсан 10 залуу докторт тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох батламжийг УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гардууллаа.

2011 оноос хойш нийтдээ 106 судлаач энэхүү тэтгэлгийг хүртсэн юм. Тэд тэтгэлгийг гардан авснаар бүтээлч санаагаа хэрэгжүүлэх боломжоор хангагдсаны хүчинд тодорхой үр дүнд хүрч шинэ мэдлэг, инновацийг бий болгоход хувь нэмрээ оруулсаар иржээ.

Тэтгэлэг авсан дээрх судлаачид өнгөрсөн хугацаанд ном бүтээл-13,  нэг сэдэвт бүтээл-2-ыг туурвиж, шинэ бүтээгдэхүүн-5, тоног төхөөрөмж- 4-ийг бүтээж, патент 4, ашигтай загвар 2-ыг батлуулж, шинэ онол, теорем 5-ыг дэвшүүлжээ. 

Түүнчлэн эрдэм шинжилгээний өгүүлэл 137-г дотоод, гадаадын шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж, 86 удаа эшлэгдсэн бөгөөд гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 169 илтгэл хэлэлцэгдсэн байна.
 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2020 оны тэтгэлэгт судлаачдад хандаж хэлсэн үгэндээ “Энэ жилийн хувьд тэтгэлгийн уралдаанд шинжлэх ухааны хүрээлэн, их дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллагаас нийтдээ 52 судлаач төслөө ирүүлсэн.

Цаашид Монголын үе үеийн эрдэмтдийн залгамж халааг нэр төртэй авч явах, хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг танай үеийнхэн хүлээж авах цаг ирсэн, улам хичээж ажиллаарай” гэлээ.

Батламж гардуулах ёслолд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат зэрэг албаны хүмүүс байлцлаа.

2020 оны Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит  докторын дараах судалгаанд инновацийн тэтгэлэг хүртсэн залуу судлаачид:

  • Дашдоржийн Золзаяа (Хиймэл оюун ухаан болон их өгөгдлийн шинжилгээнд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чатбот хөгжүүлэлт)
  • Амгалангийн Солонго (Талимон бэлдмэлийн түүхий эдийн хоруу чанар, технологи, стандарт)
  • Оюунбилэгийн Нандин-Эрдэнэ (Жирэмсэн эхчүүдийн төмрийн ба төмөр дутлын цус багадалтын судалгаа)
  • Бямбасүхийн Оюунтөгс (Таргалалтыг оношлох, биеийн өөхлөг эдийг хэмжих аргуудын лавламж хэмжээг Монгол хүний бие махбодийн онцлогт тохируулан өөрчлөх нь)
  • Лувсангийн Лхагвасүрэн (Таримал ургамлын үрийг нарийвчлалтай суулгах хянах ухаалаг систем боловсруулах)
  • Жуковын Аззаяа (In situ болон Ex situ орчинд ургаж буй дэрэвгэр жиргэрүү (saposhnikovia divaricata (turcz.) schischk.)- ын биологийн идэвхт нэгдлийн харьцуулсан судалгаа, уушги хамгаалах нэмэлт бүтээгдэхүүн гарган авах технологи)
  • Доржсүрэнгийн Батсүрэн (Газар доорх усны баланс тооцоход цэвдэгт үеийн дээрх усны хажуугийн урсгалыг тооцох нь)
  • Цэндийн Жавзмаа (Сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн чиг хандлага, нийгэмд үзүүлэх нөлөөг кластер аргаар тандан судлах)
  • Шагдарсүрэнгийн Доржпагма (Говийн бүсэд тэжээлийн эрдэнэшишийн үр үржүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх инновацийн судалгаа)    
  • Төмөрбаатарын Ганбаатар (Хичээлийн чанарыг үнэлэх арга зүйн нэгэн хувилбар боловсруулах)

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам