Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга О.Энхзаяа мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Долоодугаар сарын 1-ний байдлаар дэлхийн хэмжээнд 10,563,261 коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Нас баралт  513,032 бүртгэгдэж, 5 сая гаруй тохиолдол бүрэн эдгэрсэн дүн мэдээ байна. Дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй бөгөөд Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй.

Одоогоор ХӨСҮТ-д 44 хүн эмчлэгдэж байгаа ба 2,458 хүн тусгаарлалтад бий. 

Нийслэлийн онцгой комиссын даргын 02 дугаар тушаалын дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Шуурхай штаб байгуулагдан ажиллаж, НЭМГ-ын ажилчид 24 цагаар жижүүрлэн үйл ажиллагааг гүйцэтгэж ирсэн билээ. 

Тэгвэл Нийслэлийн онцгой комиссын зургаадугаар сарын 30-ны хурлаар авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ажиллаж байсан эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоосон" гэв. 

2020 оны хоёрдугаар сарын 7-ноос зургаадугаар сарын 30-ныг хүртэл Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийт 4,021 эмч, эмнэлгийн ажилчин хяналт тандалт хийж, заавар зөвлөгөө өгч ажиллажээ. Мөн тус хугацаанд найман товчоогоор нийт 2,429 828 тээврийн хэрэгсэл орж гарсан бол 7,496,641 зорчигч Улаанбаатар хотоор орж гарч хяналт тандалтад хамрагдсан байна. Энэ хугацаанд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй юм.