Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: COVID-19 халдварыг үүсгэгч вирус 2019 онд Испани, Франц, Итали улсад илэрч байсан ул мөр олджээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

COVID-19 халдварын тархалт дэлхий дахинд ямар байгааг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцуулав.

Тэрбээр "ДЭМБ-аас шинэ коронавирусийн эх уурхайг судлан тогтоох ажлаа үргэлжлүүлэх зорилгоор мэргэжилтнүүдийн багийг БНХАУ-руу ирэх 7 хоногоос илгээж байгаа талаараа мэдэгдсэн.

Судлаачид вирусийг зэрлэг амьтнаас хүнд дамжсан гэж үзэж байгаа ч сүүлийн үед COVID-19 халдварыг үүсгэгч коронавирус нь 2019 оны өвөл Франц, Итали улсад илэрч байсан ул мөр олджээ. Түүнчлэн Испани улсад 2019 оны гуравдугаар сард шинжилгээнд авсан бохирын усны дээжид вирус илэрч байсан талаар шинэ судалгааны мэдээлэл гарсан нь вирусийн эх уурхайг олж тогтоох ажлыг сайн эрчимжүүлэх шаардлагатайг илэрхийлж байна гэдгийг онцолсон" хэмээн хэлэв.

АНУ

Зургаадугаар сарын 29-ний өдөр АНУ-д 41,000 гаруй тохиолдол, 885 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 2,545,000-д хүрч, 126,300 гаруй хүн эндээд байна.

Бразил

Бразил улсад өчигдөр 24,000 шинэ тохиолдол бүртгэгдэж, 692 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар Бразил улсад нийт халдвар авсан хүний тоо 1,368,000 болсон бөгөөд 58,300 гаруй хүн эндээд байна.

ОХУ

ОХУ-ын нийт халдварын тохиолдол өссөн дүнгээр 641,000 болсон бөгөөд 9,166 хүн нас барсан талаар тус улсын гамшгийн штабаас мэдээллээ.

БНЭУ

Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр 19,400 гаруй шинэ халдвар бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 548,300 гаруй болжээ.

Мөн өдөр БНЭУ-д 380 нас баралт шинээр бүртгэгдсэн байна.

БНСУ

Номхон далайн баруун бүсийн БНСУ-д өчигдөр 43 шинэ тохиолдол нэмэгдсэн талаар тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээллээ. Шинэ тохиолдлуудын 23 нь дотоодын халдвар бол 20 нь гаднаас зөөвөрлөгджээ. Дотоодын халдварын 13 нь Сөүл орчмын бүс нутагт бүртгэгдсэн байна.

Халдварын тохиолдлыг тархвар зүйн хувьд авч үзвэл:

  • Сөүл хотын Ванг-санг сүмээс эх уурхайтай халдвараас  нийт 28
  • Аниан сүмийн голомтоос 22
  • Буддын сүмийн үйл ажиллагаатай холбоотой голомтоос 12 тохиолдол тус тус батлагджээ.

Япон

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны мэдээлснээр зургаадугаар сарын 29-ний өдөр тус улсад 110 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Ингэснээр дотоодын халдварын нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 18,631 болсон байна.

Шинэ тохиолдлуудын 58 нь Токио орчмын бүсэд бүртгэгдсэн байна.

БНХАУ

БНХАУ-д Даваа гарагт 19 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний найм нь дотоодын халдвар байсан бол 11 нь гаднаас зөөвөрлөгджээ.

Зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш Бээжин хотод батлагдсан тохиолдлуудын тоо 324 болсон талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/265098484581421/?v=265098484581421

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.