Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын уул уурхайн томоохон компани тундрын бүсэд бохир ус асгаж байснаа хүлээн зөвшөөрөв

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Оросын уул уурхайн томоохон компани Норильск Никель умард туйл орчмын тундрын бүс нутагт үйлдвэрийн хаягдал ус асгаж байснаа хүлээн зөвшөөрчээ.

Уг ажиллагаа нь үйлдвэрийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл байсныг тогтоож, хариуцсан хүмүүсийг ажлаас нь чөлөөлснөө мэдэгдсэн байна.

Өмнө нь Оросын Новая Газета сонин том төмөр хоолойгоор хаягдал усыг ойд асгаж байгааг харуулсан дүрс бичлэгийг нийтэд үзүүлснээр уг асуудал анхаарлын төвд оржээ.

Норильск Никель компанийн Талнах эрдэс баяжуулах үйлдвэрээс гарсан 6,000 орчим шоо метр хаягдал усыг ойд асгасан гэж гэрчүүд Интерфакс агентлагт мэдээлсэн байна.

Сарын өмнө тус компани энэ бүсийн голд 21,000 тонн дизель түлш асгаснаас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин онц байдал зарлаж байв.

Мөн Норильск Никелийн эзэн, олигарх Владимир Потанин цэвэрлэх үйл ажиллагааны зардлыг төлөх болсноо мэдэгдэж байжээ. Хөрсний мөнх цэвдэг хайлснаас түлш хадгалах нөөцийн сав эвдэрсэн гэж ослын шалтгааныг тайлбарлаж байгаа.

Энэ сарын эхээр Оросын эрх баригчид голын усны гадаргаас асгарсан түлшийг цэвэрлэж дууссаныг мэдээлсэн юм. Гэхдээ ойр орчмын байгалийг бүрэн цэвэрлэх ажил хэдэн жил үргэлжилнэ гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

 

Эх сурвалж: AFP