Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхжаргал: Сонгогчид саналын хуудасны зургийг авах оролдлого их хийсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн бус байгууллагууд нэгдэн Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээг байгуулан, УИХ-ын сонгуулийн явцад хяналт хийсэн юм.

Энэхүү үйл ажиллагааны дүгнэлтийг танилцуулж, өнөөдөр уг сүлжээний гишүүн Глоб Интернэшнл ТББ, МИДАС ТББ, Сонгогчдын Боловсрол Төв, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт зэрэг иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийлээ.

МИДАС ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхжаргал "Манай төрийн бус байгууллагаас зургаан ажиглагч энэ удаагийн сонгуулийн санал хураалтын явцыг ажиглалаа. Ингэхэд сонгогчид саналын хуудасны зургийг авах оролдлого их хийсэн. Саналаа худалдах оролдлого хийж байх магадлалтай тул зургийг нь авахыг хуулиар хориглодог" гэлээ. 

Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 17.1.30 заалтын дагуу АРВАН МЯНГАН НЭГЖТЭЙ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.

"Томсгосон тойрог учраас "царцаа"-ны нөлөөлөл харьцангуй бага"

Мөн тэрбээр сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудал их байгааг онцолсон.

МИДАС ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхжаргал "Сонгогчдын нэрийн жагсаалтад хүн нэмэгдсэн байгаа 73 тохиолдлыг шалгахад ихэнх нь өөр хаяг дээр очсон хэр нь шилжилт хөдөлгөөнөө хийгээгүй буюу хуучин хаяг дээрээ бүртгэлтэй байсан. 

Анхааруулга хэлэхэд, УИХ-ын сонгууль дуусаагүй байхад хороон дарга нар Иргэдийн төлөөлөгчдийн хуралд зориулсан шилжилт хөдөлгөөн хийлгэх тухай ярьж байна. Бид "царцаа" гэж ярьдаг ч энэ нь хуулийн хүрээнд хийгддэг болж байгааг зогсоохгүй бол луйврын хэлбэр болоод байна. 

Сонгуулийн тухай хуулиар хоёрдугаар сарын 1-нээс хойш шилжилт хөдөлгөөн хийхгүй гэж заасан ч тодорхой тооны "царцаа" ниссэн гэдгийг УБЕГ-ын мэдээллээс харсан байх. Жишээлбэл, Ховд аймагт 999 хүн 2019 оны арванхоёрдугаар сарын 23-наас 2020 оны хоёрдугаар сарын 1-ний хооронд шилжиж ирсэн байна. Дорнод, Булган аймагт 500-600 хүн шилжсэн байгаа. Гэвч томсгосон тойрог учраас нөлөөлөл харьцангуй бага. Хамгийн ихдээ 1.4 хувиар нөлөөлөх магадлалтай" гэлээ.