Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн номер нэг теннисчин Новак Жокович коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Дэлхийд эрэмбэрээрээ нэгдүгээрт бичигддэг Сербийн теннисчин Новак Жокович коронавирусийн халдвар авснаа өчигдөр зарлажээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Балканы хойгийн тамирчдыг оролцуулсан Adria Tour тэмцээнийг өөрийн санаачилгаар эхлүүлсэн юм.

Уг тэмцээнд оролцож буй Болгарын тамирчин Григор Димитров, Хорватын Борна Корич нар мөн Covid-19 өвчнөөр өвчилжээ. Жокович, Димитров нарын дасгалжуулагчид бас халдвар авсан нь тогтоогдсон байна.

Adria Tour тэмцээнийг эхлэхийн өмнө Жокович Сербийн нийслэл Белград хотод сагсан бөмбөгийн үзүүлэх тоглолтод оролцсон юм. Уг тоглолтын дараа Сербийн Партизан клубын тамирчин Никола Янкович коронавирусийн халдвар авсан байна.

Жоковичоос гадна түүний гэргий Елена халдвар авсан бол харин хүүхдүүдийнх нь шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Жокович өчигдөр гаргасан мэдэгдэлдээ цар тахлын аюул дуусаагүй байхад тэмцээн зохион байгуулсандаа, бас халдвар авсан хүн бүрээс уучлал гуйж байгаагаа илэрхийлсэн байна.

Новак Жокович нь ATP (The Association of Tennis Professionals) холбооны аваргын титмийг нийт 79 удаа зүүж, Их Дуулгын цувралуудад 17 удаа түрүүлсэн амжилттайгаар дэлхийд чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгддэг юм.

 

Эх сурвалж: TAСС