Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Саналын хуудасны зураг, сонгогчийн бүртгэлээр ч хэнд санал өгснийг мэдэх боломжгүй учир бусдын сүрдүүлэгт автаж болохгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт болоход хоёр хоног үлджээ.

Залуу сонгогчдын идэвх оролцооны асуудлаар Улс төр судлалын докторант, СЕХ-ны Мэдээлэл технологийн төвийн инженер П.Алтанчимэгтэй ярилцлаа.

-Залуу сонгогчдын сонгуульд саналаа өгөх идэвх, оролцоо хэр байдаг вэ?

- Манай улс залуучуудын орон гэж хэлж болохуйц олон залуу сонгогчтой.

Гэвч өнөөг хүртэл сонгуулийн залуусын оролцоо хангалтгүй байна гэж үзсээр ирсэн.

Учир нь нийт сонгогчдоос залуу сонгогчдын эзлэх хувь нь их учраас тэдгээрийн тал нь л саналаа өгөөгүй байхад л сонгуулийн ирц муу болдог.

Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуулийн статистикийг эргэн харахад, 18-25 насны хоёр сонгогч тутмын нэг нь саналаа өгсөн гэх үзүүлэлт бий.

Энэ жилийн хувьд харин залуус сонгууль нэлээд идэвхтэй оролцох шинж ажиглагдаж байна.

- 2020 оны УИХ-ын сонгуульд нийт залуучуудын 80 хувь нь оролцох төлөвтэй гэсэн судалгаа байсан. Энэ жил залуусыг сонгуульд идэвхтэй оролцоно гэж дүгнэх болсон шалтгаан нь юу байв?

- Энэ удаагийн сонгуулийн хувьд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд мэдээллийн ил тод байдалтай холбоотой заалтууд орсон нь нөлөөлж байна.

Тухайлбал, тус хуульд нэр дэвшигчийн хөрөнгө оруулгын мэдүүлэг, сонгуулийн зардлын тайлан гэх мэт сонгогчдын яг сонирхдог чухал мэдээллүүд ил тод болгохоор заасан.

Үүнд ч хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагууд болон сонгогчид сайн анализ хийж, өөрсдөөс нь хандив гуйгаад байгаа нэр дэвшигч нь хэр их хөрөнгөтэй хүн болох талаар маш өргөн хүрээнд ярилцаж байна.

Түүнээс гадна энэ жилийн сонгууль цар тахал дэгдсэн үед болж байгаа нь залууст илүү ойр болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, цар тахалтай холбоотойгоор энэ жил сошиал орчин илүү идэвхжих болжээ.

Энэ нь сошиал орчны гол хэрэглэгчид болох залууст сонгуультай холбоотой мэдээллийг илүү ил тод авах боломжийг бий болгож буй.

Мөн ТББ-ууд сонгогчийн боловсролд нэмэр болж, сонгууль залуусаас огтхон ч хөндий сэдэв биш гэдгийг энгийнээр ойлгуулж, идэвхтэй ажиллаж байна.

-Залуу сонгогчид нийт сонгогчдын хэдэн хувийг нь эзэлж байгаа вэ?

- Сонгуулийн шийдвэрийг хааш нь ч, яаж ч эргүүлж чадах хүч зөвхөн залуучуудад байна.

Тодруулбал, энэ удаагийн сонгуульд 2,132,352 сонгогч бүртгэгдсэн.

Үүнээс, нийт сонгогчийн 10 хувийг нь буюу 228,307 нь шинэ сонгогч болох 18-22 насныхан эзэлж байна.

Цаашилбал,

  • 23-34 насны 670,699 сонгогч,
  • 35-47 насны 605,132 сонгогч,
  • 48-60 насны 410,918 сонгогч,
  • 61-ээс дээш насны 217,296 сонгогч бүртгэгдсэн.

График.1 (Шинэ сонгогчид нийт сонгогчдын 10.7 хувийг эзэлж байгаа бол 61-ээс дээш насныхан 10.2 хувийг нь бүрдүүлж байна)

Ингээд харахад 18-34 насны нийт 899,006 сонгогч л гэхэд нийт сонгогчдын 42 хувийг эзэлж байгаа бол 18-47 хүртэлх насныхан нийт сонгогчдын 70 хувийг дангаараа бүрдүүлж байна.

47 нас гэдэг нь нийгмийн идэвхтэй эд хийж бүтээх үе учир мөн залуу сонгогч л гэж би харж байна.

График.2 (18-34 насныхан нийт сонгогчдын хамгийн их хувийг буюу 42.2%-ийг дангаараа бүрдүүлж байна)

-Зарим залуус улс төрөөс өөрсдийгөө ангид гэсэн үзэл бодолтой байдаг. Түүнээсээ болж сонгуульд оролцохгүй ч тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

- Улс төр надаас хол гэж бодолгүйгээр залуучууд бүгд заавал саналаа өгөх хэрэгтэй.

УИХ, Засгийн газрын шийдвэр бидний амьдралд өдөр тутамд хэрэгжинэ гэдгийг ухамсарлах ёстой.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын 76 мандатад аль олонхоороо сонгогдсон улс төрийн нам, эвсэл нь дараагийн Засгийн газрыг өөрсдөө бүрдүүлдэг.

Энэ нь бид сонгуулиар УИХ-ыг сонгохын зэрэгцээ, Засгийн газраа ч дам байдлаар байгуулна гэсэн үг.

Жишээлбэл, бидний сонгосон хүмүүс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхэд л бидний өдөр тутмын амьдралд шууд байдлаар нөлөөлнө.

Мөн УИХ-аас гарсан хууль тогтоомж нь 10, 20 жилийн дараах бидний амьдралын хууль эрх зүйн орчин, нийгмийн байдлын бий болгоно.

Тиймээс бид сонгуулиар зөвхөн УИХ-ыг байгуулдаг гэж ойлгож болохгүй.

-Сонгогчийн боловсролд нэмэр болох үүднээс сонгогчдод мандатын тоотой тэнцүү санал өгөх ёстойг хэлэх хэрэгтэй байх. Мөн зарим иргэд заавал нэг намын хүмүүст санал өгөх ёстой мэт ойлголттой байсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Тиймээ. Энэ удаагийн сонгогчид тухайн тойрогт хэдэн мандат байгаа түүнтэй тэнцүү санал өгөх ёстой. Харин саналаа аль ч нам, эсвэл, бие даагчид хувааж өгч болно.

Заавал нэг намд өгөх ёстой гэсэн зүйл огтхон ч байхгүй. Энэ бол сонгогчийн саналаа чөлөөтэй илэрхийлэх эрх.

Нэг намын хүмүүст өгөхгүй бол саналын хуудас нь хүчингүй болно гэдэг нь худал мэдээлэл.

Мөн санал тоолох төхөөрөмж огт тэмдэглэгээгүй хуудсыг унших бөгөөд зөвхөн дутуу эсвэл илүү дугуйлсан тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцож буцаана.

Ингэсэн тохиолдол ч хуулийн хүрээнд дахин нэг саналын хуудас авах эрхтэй.

-Сонгуулийн үеэр санал худалдах асуудал нэлээд яригддаг. Энэ тал дээр сонгогчид хэрхэн хандах хэрэгтэй вэ?

-Бидний сонгож байгаа нэр дэвшигчид зөвхөн манай тойргийг төлөөлөх хүмүүс биш нийт ард түмэн болоод улс орныхоо эрх ашгийг төлөөлөх ёстой хүмүүс юм.

Тэгэхээр танай дүүрэгт л зөвхөн зам тавьж, шинэ цэцэрлэг барьж өгнө гэсэн хүнд өгөх нь учир дутагдалтай зүйл гэж бодож байна.

Зөвхөн тэр дүүрэгт биш нийт Монгол Улсыг 10, 20 жилийн дараа хөгжлийн ямар түвшинд аваачиж чадах вэ гэдгээр нь бодож үзэх ёстой болов уу.

Харин саналаа худалдах гэдэг зүйл огтхон ч байж болохгүй. Яах вэ мөнгө тарааж байгаа бол аваад хуулийн байгууллагад үнэнээр нь хандаж болно.

Гэхдээ саналаа яаж өгөх чинь өөрийн тань эрх. Сонгогчийн саналыг сонгогчоос өөр хэн ч мэдэх боломжгүй. 

Сонгогч хэнд саналаа өгснийг сонгуулийн зохион байгуулдаг төв байгууллага ч мэдэх боломжгүй. Тиймээс сонгогчид юунаас ч айж, эмээлгүйгээр шийдвэрээ гаргах ёстой.

-Сонгуулиар мөнгө тараах нь хууль бус үйлдэл шүү дээ. Энэ тал дээр сонгогчид ямар байр сууриас хандах ёстой вэ. Өөрөөр хэлбэл, сонгогчид хууль бус үйлдлийг илчлэхэд нь нэмэр болохуйц хуулийн зохицуулалт байдаг уу?

- Өмнө нь 2015 онд Сонгуулийн нэгдсэн хуультай байхад хэн нэгэн мөнгө тарааж байгааг баримттайгаар баталгаажуулж авсан бол тэр мөнгийг тухайн нэр дэвшигчээс 30 дахин нөхүүлж авах боломжтой хуулийн зохицуулалт байсан.

Энэ зохицуулалтаар нэр дэвшигчдийн мөнгө тараасан хууль бус үйлдлийг илчлээд тухайн мөнгийг 30 дахин нугалж авч байсан хүмүүс ч байгаа.

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хуульд ч уг зохицуулалт бий.

Тодруулбал, тус хуулийн 81.7-т Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасан байдаг.

-Саналын нууцлалтай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Сонгуулийн үндсэн зарчимд сонгогч өөрийн саналаа чөлөөтэй, нууцаар илэрхийлэх эрхтэй. Үүнийг сонгуулийг зохион байгуулж байгаа төрийн байгууллага хангаж ажилладаг.

Тиймээс сонгуулийн саналыг зөвхөн өөрөөс нь өөр хэн ч мэдэх боломжгүй.

Тодруулбал, санал авах байранд ороод хурууны хээ, регистрээр бүртгэдэг сонгогчийн бүртгэлийн систем бий. Тэрхүү систем нь зөвхөн сонгогчийг санал авах байранд ирсэн эсэхийг л тэмдэглэдэг учир сонгогчийн регистрийн дугаар, бусад мэдээллээр хэнд саналаа өгснийг нь мэдэх боломжгүй.

Дараа нь саналын хуудсаа санал тэмдэглэх бүхээгт ганцаараа тэмдэглэдэг.

Ингээд саналын хуудсаа хавтасны завсарт хийж санал тоолох төхөөрөмжид уншуулна.

Санал тоолох төхөөрөмж нь тухайн саналын хуудсыг таньж уншаад, саналын тоолохоос гадна зургийг нь өөр дээрээ хадгалдаг юм.

Тухайн өдөр санал хураалт дууссаны дараа ажиглагчаар оролцсон нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагч нарын хүсэлтэд үндэслэн санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудасны зурган файлыг хуулж өгдөг.

Гэхдээ саналын хуудасны зураг программын аргаар холигддог учраас хэзээ, ямар хүн, хэнд саналаа өгснийг харах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, сүүлийн саналын хуудасны зураг нэг эсвэл тав дугаарт ч бичигдсэн байж болно гэсэн үг. 

Зарим ажиглагчид, санал өгсөн хүмүүсийг тоолоод санал өгөх байранд хэд дэх сонгогч болж орж ирснээр нь хэнд саналаа өгснийг харчихдаг гэж сүрдүүлдэг гэсэн яриа бий. Тэр бол худал цуурхал.

Иргэдийн саналын хуудасны зургаар ч хэнд саналаа өгснийг нь мэдэх боломжгүй учир хэн нэгний сүрдүүлэгт автаж огтхон ч болохгүй.

Мөн нийслэлийн санал авах байруудад камер суурилуулсан байдаг ч санал авах бүхээг рүү чиглэдэггүй учир сонгогч саналаа хэрхэн тэмдэглэж буй нь харагдахгүй. 

Тус камер нь санал авах байрыг ерөнхий үйл ажиллагааг нь харах зорилготой.

Мөн сонгогчийн бүртгэлийн компьютер болон санал тоолох төхөөрөмжүүд бүхэл өдрийн туршид сүлжээнд холбогдолгүй ажилладаг гэдгийг онцлох нь зүйтэй.

-Шинэ сонгогчид дангаараа 10 хувийг бүрдүүлж байна. Тэд санал өгөхдөө юуг анхаараасай гэж бодож байна вэ?

- Та бүхэн өөрсдийн бий болгомоор байгаа тэр бүх ирээдүйн чинь бодлого, хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлэх хэмжээний хүмүүсээ сонгох гэж байгаа учраас маш сайн судалж, мөрийн хөтөлбөртэй нь танилцаж байж шийдвэр гаргах хэрэгтэй гэж л сануулмаар байна.

-Ярилцсанд баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.