Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Атланта хотод африк гаралтай эрэгтэйг цагдаа нар буудан хөнөөжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Жорж Флоидын аллагатай холбоотой арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэл АНУ даяар өрнөж байгаа энэ үед дахин нэг африк гаралтай эрэгтэй цагдаагийн гарт алагдсан байна.

Баасан гарагийн шөнө Атланта хотод түргэн хоолны газарт автомашинтай (drive-through) үйлчлүүлэхээр дугаарлаж байхдаа 27 настай Рэйшард Брүүкс хэсэг нойронд автаж, бусад үйлчлүүлэгчдэд саад болсон байна.

Энэ үеэр цагдаа нар ирж Брүүксийг машинаас нь буулган баривчлахыг завдсан бөгөөд тэр эсэргүүцэл үзүүлж, зугтахдаа буудуулж алагджээ.

Цагдаа нар түүнээс согтууруулах ундаа хэрэглэсэн шинж илэрсэн тул баривчлах гэж байснаа сүүлд тайлбарлажээ. Энэ хэргийн маргааш Бямба гарагт Атланта хотын төвд олон хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсан юм.

Тус хотын цагдаагийн газрын дарга Эрика Шелдсийг албан тушаалаас нь огцруулж, аллагад оролцсон цагдаа нарыг ажлаас нь халахаар болсныг хотын захирагч Кэйша Лэнс Боттомс өчигдөр мэдэгджээ.

Хэргийн газарт байсан гэрч болсон явдлыг гар утасны камераар бичсэнийг мөрдөн шалгах ажилд баримт болгон ашиглаж байгаа гэнэ.

Брүүксийг баривчлах ажиллагаанд оролцсон хоёр цагаан арьст цагдаагийн офицерын нэрийг эрх баригчид одоогоор зарлаагүй байна.

Өчигдөр бас Калифорни мужийн өмнөд хэсгийн 150,000 орчим оршин суугчтай Палмдэйл хотод 24 настай африк гаралтай залуугийн нас барсан хэргийг шалгахыг шаардсан хэдэн зуун хүний жагсаал болсон юм.

Хэд хоногийн  өмнө хохирогч Роберт Фуллерын цогцос хотын захиргааны ойролцоо модноос дүүжилсэн байдалтай олдсон байна.

Эхний дүгнэлтээр цагдаа нар түүнийг амиа хорлосон гэж үзжээ.
Харин олон нийт үүний цаана линчийн шүүхээр хүний амь бүрэлгэсэн хэрэг байж магадгүй гэж үзээд хараат бус шүүх эмнэлгийн дүгнэлт гаргахыг шаардаж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters