Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар нээлтээ хийлээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар (Dairy Asia Secretariat Office) албан ёсоор Монгол Улсын Засгийн Газар болон НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсад нээлтээ хийлээ.

Улаанбаатар хотноо 2018 онд зохион байгуулсан Удирдах зөвлөлийн хурлаар Ази тивийн сүү үйлдвэрлэлийн платформыг шинэ түвшинд гаргах, бүсийн хэмжээнд үйл ажиллагааг идэвхжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, өөрийн санхүүгийн эх үүсвэр бүхий хувийн бие даасан байгууллыг бий болгох шаардлагыг тодорхойлжээ.

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод үүсгэн байгуулах саналыг дэвшүүлсэн бөгөөд уг саналыг оролцогч талууд болох Удирдах Зөвлөлийн Хороо, НҮБ-ын ХХААБ, Даян дэлхийн мал аж ахуйн тогтвортой хөтөлбөрөөс дуу нэгтэй дэмжжээ.

Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, улмаар экспортын гарцыг нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх томоохон боломжийг нээж өгч байгаа төдийгүй бүсийн хэмжээнд  дипломат харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдол бүхий олон улсын байгууллагын төв Улаанбаатар хотноо байгуулагдаж байгаа тухай Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар онцолсон юм.

"Энэ салбар нийгмийн болон техникийн инновацийн шийдлүүдээр баялаг"

“Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт олон бэрхшээл тулгамдаж байгаа хэдий ч, энэ салбар нийгмийн болон техникийн инновацийн шийдлүүдээр баялаг юм.  Эдгээр техникийн шинэлэг санаа, инновацийн туршлагууд болон мэдээллүүдийг солилцон, туршлага солилцох нь тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах хүчирхэг эхлэл болж чадна. Үүний тулд бид бүгд гар нийлүүлэн, хамтран ажиллах шаардлагатай” хэмээн НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа нээлтийн арга хэмжээний үеэр хэллээ.

Энэхүү платформыг Монгол улсын Улаанбаатар хотод байгуулах нь олон талын ач холбогдолтой юм. Тодруулбал,

  • Монгол орны сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэн, хүнс болон хөдөө аж ахуйн салбарын олон улсын хамтын ажиллагаа сайжирч улмаар тогтвортой хөгжлийг бий болгоно. Урт хугацаанд Монгол Улс, бүс нутагтаа болон Дэлхийн бусад орнууд руу сүү болон сүүн бүтээгдэхүүний экспортлогч орон болох эхлэлийг тавих юм.
     
  • Ази тивийн сүү үйлдвэрлэлийн платформд тус тивийн зүүн, төв, баруун бүсийн орнуудын  төлөөлөл харьцангуй бага байдаг. Монгол Улсын газар зүйн байршил болон тус платформын гишүүн орон зэрэг нь тухайн орнуудтай харилцааг бэхжүүлэх боломжийг өргөжүүлэхэд онцгой байр суурийг бий болгож байна. Түүнчлэн Монгол Улс Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос зэрэг Ази тивийн зүүн хойд бүсийн орнуудтай сайн харилцаатай байдаг тул энэхүү платформоор дамжуулан түншлэлээ бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой юм.
     
  • Энэхүү платформ нь зөвхөн эрчимжсэн үнээний фермийн аж ахуйн хөгжлийг дэмжих төдийгүй тэмээ, ямаа, хонь, адуу, сарлагын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ. Түүнчлэн хагас эрчимжсэн мал аж ахуйн тогтолцоог бэхжүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг тогтвортой байдлаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
     
  • Монгол Улсын засгийн газраас сүүний салбарын хөгжлийг бэхжүүлэх, урт хугацааны дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэхээ албан ёсоор зарласан. Түүнчлэн  Монгол Улсын Хүнсний тухай хуульд сүү, сүүн бүтээгдэхүүнийг “Стратегийн хүнс” гэж заасан ба тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний хангамжийг төр хариуцдаг байдал нь Ази тивийн сүү үйлдвэрлэлийн платформ зэрэг бүс нутгийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх өргөн үүдийг нээж өгч, хамтран ажиллах таатай орчныг бүрдүүлж байна.

НҮБ-ын ХХААБ-ын санаачилгаар “Dairy Asia” буюу Ази тивийн сүү үйлдвэрлэлийн платформыг 2014 онд байгуулж байсан. Энэхүү санаачилга нь Ази тивд нийгмийн хариуцлагатай, байгаль экологид ээлтэй сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, орон нутгийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үндсэн зорилготой бөгөөд одоогоор Монгол, Тайланд, Хятад, Шри-Ланка, Бутан, Бангладеш, Индонез, Афганистан, Филипин, Энэтхэг, Мянмар, Непал, Вьетнам зэрэг 13  улс гишүүнээр элсээд байгаа ажээ.