Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Роскосмос: Манай сансарт хүн хөөргөх зардал АНУ-ынхаас хямд

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын сансар судлалын төв байгууллага Роскосмосын захирал Дмитрий Рогозин өчигдөр “Forbes Russia” сэтгүүлд ярихдаа Оросын хөлгөөр сансарт нисэх үнэ АНУ-ынхтай харьцуулахад хямд болохыг тайлбарлажээ.

“Манай Союз-МС хөлөг тойрог замд хүрэхдээ дунд ангиллын Союз-2.1а пуужинд тээвэрлэгддэг. Хүнд ангиллын пуужин ашигладаггүй учраас манай үнэ АНУ-ынхаас хямд байдаг юм” гэж тэр ярьсан байна.

Рогозин бас Америкийн тал Crew Dragon хөлгийнхөө нэг суудлыг $55 саяар үнэлж, үүнийгээ Оросын Союз хөлгийн $90 саяын үнэтэй харьцуулахад хямд гэж ярьж байгаа нь буруу болохыг тайлбарлажээ.

Түүний тайлбарласнаар Оросын үнэд пуужин хөөргөхтэй холбоотой үйлчилгээний нийт зардал багтсан тул ингэж шууд харьцуулах ёсгүй гэнэ.

“Энэ тохиолдолд өрсөлдөгчид юу ч гэж ярьж байсан Союз-МС хөлөг, Союз-2.1а пуужингээр хөөрөх үнээс хямд зардлаар тойрог замд хүрэх боломжгүй гэдэгт би итгэлтэй байна” гэж Рогозин ярьжээ.

Тавдугаар сарын 30-ны өдөр SpaceX компанийн Falcon 9 пуужин хоёр сансрын нисгэгчтэй Crew Dragon хөлгийг тойрог замд хүргэсэн юм. Энэ нь сүүлийн бараг 10 жилийн хугацаанд АНУ-ын нутаг дэвсгэрээс анх удаа хүн сансарт хөөргөсөн, бас хувийн компани анх удаа хүн сансарт нисгэсэн тохиолдол байв.

Crew Dragon хөлөг тавдугаар сарын 31-нд Олон Улсын Сансрын Станцтай залгагджээ.

 

Эх сурвалж: ТАСС