Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Шаардлагагүй тохиолдолд гоо сайхны мэс ажилбар хийлгэх, арьсаа гэмтээх зэргээр эрсдэл үүсгэхгүй байхад анхаарна уу"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийлээ. Мэдээллийн хурлаар тус яамны харьяа байгууллагууд коронавирусийн халдварын үед бэлэн байдлаа хэрхэн хангасан талаараа танилцуулдаг уламжлалтай. Энэ удаад Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс дараах мэдээллийг хийв. 

АӨСҮТ-ийн Захирал  Ц.Уранчимэг "Арьсны өвчин судлалын үндэсний төв COVID-19 өвчний үед шаардлагатай тохиолдолд 107 ор дэлгэх бэлтгэлийг хангасан. Мөн дөрвөн цагийн дотор нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө, тооцоог гаргасан.

Нийт ажилчда найман баг болгож, хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөж, тайлах, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээний чиглэлээр дадлага сургуулийг хийсэн. Тавдугаар сарын 6-8-нд болсон дадлага сургуульд идэвхтэй оролцсон.

Шаардлагатай эм тариа, N95 маск, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэл, халад, маск, нүүрний хамгаалалт зэргийг нөөцөлсөн. Мөн сэжигтэй тохиолдол илэрсэн үед эмч, эмнэлгийн ажилтнууд айж сандрах, сэтгэл санаа тогтворгүй байх эрсдэл үүсэх магадлалтай тул сэтгэл зүйч эмчээр эрүүл мэндийн сургалт хийлгэсэн.

Түүнчлэн нийт ажилчдыг дархлааг дэмжих бэлдмэлээр хангалаа. 

Онцгой байдлын үед 0-12 насны хүүхэдтэй нийт 32 ажилтандаа цалинтай чөлөө олгосон. Тусгаарлах байранд нэг эмч, зургаан резидент эмчээ Зүчи зочид буудалд ажиллуулж байгаа.

Хэвтэн эмчлүүлэгч, амбулаториор үйлчлүүлэгч нар болон эргэлтээр ирж буй хүмүүст коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг тогтмол өгч байна. Мөн үзлэгийн цагаа утсаар өгч, шаардлагатай тохиолдолд утсаар болон цахимаар зөвлөгөөг өгч байгаа" гэв.

Мөн тэрбээр "Арьс бол бие махбодийг гадаад орчноос тусгаарладаг эрхтэн. Тиймээс арьсны бүрэн бүтэн байдал алдагдах нь нянг биед орох эрсдэл үүсгэдэг тул  иргэд онц шаардлагагүй тохиолдолд мэс ажилбар хийлгэх, гоо сайхны мэс ажилбар хийлгэх, арьсаа гэмтээх зэргээр эрсдэл үүсгэхгүй байхад анхаарна уу" хэмээлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.