Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Борис Жонсон: Бид Хонг Конгийн иргэдийг орхиод явахгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Бээжингийн эрх баригчид үндэсний аюулгүй байдлын хуулийг хэрэгжүүлж эхэлбэл Их Британи улс Хонг Конгийн иргэдийг зүгээр орхихгүй гэж ерөнхий сайд Борис Жонсон өнөөдөр мэдэгджээ.

Тэрбээр “The Times” сонины өнөөдрийн дугаарт нийтлүүлсэн өгүүлэлдээ “Иргэд нь эрх чөлөөтэй учраас Хонг Конг хөгжсөн юм. Хэрвээ Хятад улс хуулиа хэрэгжүүлж эхэлбэл энэ нь НҮБ-аар баталгаажсан, олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн хэрэг болно” гэж бичсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Бээжинд хуралдсан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар Хонг Конгийг салан тусгаарлах аливаа оролдлого гарвал эх газраас хүчээр таслан зогсоох агуулгатай хуулийн төслийг баталсан юм.

Мөн энэ хуулийн хүрээнд Хятадын тагнуул, тусгай албад анх удаа Хонг Конгт төлөөлөгчөө байрлуулахаар болж байгаа.

“Хятад улс Хонг Конгчуудын амьдралын хэв маягийг хөндөхгүй гэж амлаж байсан. Гэвч олон хүн өнөөдөр энэ амлалт зөрчигдөхөөс айж байна. Хэрвээ Хятад улс амлалтаа зөрчвөл Их Британи тэднийг зүгээр орхиод явахгүй. Хариуцлагаа ухамсарлаж, Хонг Конгчуудад боломж олгох болно” гэж Борис Жонсон бичжээ.

Өөрөөр хэлбэл тэр British National Overseas (BNO) тусгай паспорт эзэмшигч Хонг Конгчуудад Британи улсын иргэний харьяалал олгохоо дахин амласан байна.

Одоогийн байдлаар BNO тусгай паспорт эзэмшигч 350,000 орчим хүн Хонг Конгт амьдардаг ба өөр 2.5 сая хүн ийм паспорт авах болзлыг хангаж байгаа юм.

Өчигдөр буюу Мягмар гарагт Их Британийн засгийн газар Хятад улсаас үндэсний аюулгүй байдлын хуулийг Хонг Конгт хэрэгжүүлэх шийдвэрээ эргэж харахыг уриалаад Азийн эдийн засгийн нэгэн үнэт эрдэнийг сүйтгэвэл улсынх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлөхийг анхааруулжээ.

 

Эх сурвалж: Reuters