Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Айлуудын хаалга тогшиж, сонгуулийн сурталчилгааны материал тараахгүй байхыг зөвлөж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn /2016 он/

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулав.

- Сонгууль болох гэж буйтай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас иргэдэд ямар зөвлөмж өгч байгаа вэ?

Д.Нарангэрэл: -Сонгуультай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргасан. Тус зөвлөмж манай COVID-19 гэсэн хуудсанд байршсан нь бий.

Үүнд:

  • Амны хаалт зүүх,
  • Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
  • Хоорондын зайгаа барих,
  • Уулзалт цуглааныхаа үеэр тухайн талбайнхаа 50 хувийг ашиглах,
  • Хатуу гадаргуунуудыг маш сайн ариутгах,
  • Дотор орчинд 30 минут тутамд агаарын сэлгэлт хийх,
  • Айлуудын хаалга тогшиж, сурталчилгааны материал тараахгүй байх,
  • Хэрэв айлуудаар сурталчилгааны материал тараах шаардлагатай бол гялгар уутанд хийгээд хаалганд нь хавчуулах, тарааж буй хүн гартаа заавал бээлий өмсөх зэрэг багтаж буй.

Сонгуулийн энэ үйл ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор зохион байгуулж байгаа.

-Бельги улсаас ирсэн хүний шинжилгээнд коронавирус илрээгүй талаар та бүхэн хэлж байсан. Дараа нь тухайн иргэнд давтан шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

Д.Нарангэрэл: - Энэ бол худал мэдээлэл. Бельги улсаас ирсэн хүний шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг бид олон дахин хэлж байгаа.

Энэ мэт буруу ташаа мэдээллүүд хүн амын дархлааг сулруулж, эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг энд сануулах хэрэгтэй байх.

Ташаа мэдээллийн улмаас дэлхий дахинд олон алдаа гарч байгаа.

Урьдчилан сэргийлэх сайн эм гэж гэр бүлийн хоёр хүн уугаад хордож, нэг нь нас барсан тохиолдол АНУ-д гарсан.

Мөн Иран, Ирак зэрэг улсад архи сайн гэж олноороо нийлж архи уугаад олон зуун хүн хордож, эндсэн тохиолдол бий. Тиймээс буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье.

-Тусгай үүргийн онгоцоор нэлээд иргэдээ татан авхаар болсон. Тусгаарлах байрны хүрэлцээ ямар байгаа вэ?

Д.Нарангэрэл: -Бид нэлээд хэдэн тусгай үүргийн онгоцыг хүлээн авах гээд бэлтгэлээ хангаж байна. Харин тусгаарлах байрыг бэлтгэх асуудлыг УОК-ын Шуурхай штаб хариуцан ажиллаж буй.

-Эд материалаар халдвар дамжих эрсдлээс хэрхэн сэргийлэх хэрэгтэй вэ?

Д.Нарангэрэл: - COVID-19 халдвартай холбоотойгоор дэлхий дахинд хүмүүс цахимаар эд зүйлс худалдаж авах нь улам нэмэгджээ.

Үүнтэй холбоотойгоор улс оронд коронавирус эд, зүйлсээр дамжиж халдварласан хэд, хэдэн тохиолдол гарсан.

Тиймээс Эрүүл мэндийн яам энэ тал дээр онцгой анхаарч хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүс, байгууллага болон үйлчилгээ авч буй хувь хүнд зориулан зөвлөмж гаргасан.

Тухайн зөвлөмжид:

  • Онц шаардлагагүй бол өвчлөл ихтэй байгаа улс орноос онлайн худалдаа хийгүй байх,
  • Худалдаж авсан тохиолдолд хайрцаг, савыг нь сайн угааж халдваргүйтгэх,
  • Хүргэлтийн үйлчилгээ үзүүлж буй хүмүүс ч үйлчлүүлэгчидтэйгээ зайнаас харьцах, амны хаалт, бээлий заавал өмсөх зэрэг багтсан.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/289403975426410/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.