Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: БНХАУ-д хоёр шинэ тохиолдол, шинж тэмдэггүй гурван халдвар бүртгэгдсэн

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар тархсан дэлхийн улс, орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

АНУ, Бразил

АНУ-д өчигдөр 21,300 гаруй шинэ тохиолдол, 1,200 гаруй нас баралт нэмж бүртгэгдлээ. Тус улсад одоогийн байдлаар нийт 1.7 сая гаруй хүн халдвар авсанаас 102,000 гаруй хүн эндээд байна.

Өмнөд Америкийн 33 улсад нийтдээ 920,000 гаруй халдварын батлагдсан тохиолдол, 50,000 гаруй нас баралт бүртгэгдээд байна. Үүнээс халдвар хамгийн өндөр нь Бразил улс. Тус улсад 498,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн бол хоёрдугаарт Перу улсад 155,000 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Бразил улсын ЭМЯ-ны мэдээлснээр өнгөрсөн 24 хугацаанд тус улсад шинээр 33,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Нас баралтын өмнөх өдрөөс ялимгүй буурч 956 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Эндсэн хүний тоо 28,800 гаруйд хүрчээ.

ОХУ

ОХУ-д өчигдөр 8,900 гаруй шинэ тохиолдол, 181 нас баралт нэмж бүртгэгджээ. Нас баралт өмнөх өдрөөс үл мэдэг буурчээ. Тус улсын нийт батлагдсан халдварын тоо 396,000 гаруй буюу АНУ, Бразил улсын ард дэлхийд гуравдугаарт бичигдэж байна.

Номхон далайн баруун бүсэд Сингапур улсад 506 шинэ тохиолдол, БНСУ-д 27 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдлээ.

БНСУ

Солонгос улсад бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын 15 нь дотоодын халдвар байсан талаар тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс өгсөн байна.

Тус улсын хууль зүйн яамны эх сурвалжтай мэдээллээс харахад, 6 дугаар сараас эхлэн тус улсад байнга оршин суудаг гадаадын иргэд тус улсын хилээр нэвтрэн орохдоо халдваргүй гэдгийг нотлон үзүүлэх шинжилгээний бичгийг заавал шаардах шинэ журам үйлчлэхээр болсон байна.

Шинжилгээг хилээр нэвтрэн орохоос 48 цагийн дотор хийлгүүлсэн байх шаардлагатай бөгөөд хилээр нэвтрэн орсны дараа 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлага давхар мөрдөгдөх юм байна. Уг журмыг хэзээнээс мөрдөх огноог нарийвчлан мэдээлээгүй байна.

БНХАУ

БНХАУ-д 2 шинэ тохиолдол, шинж тэмдэггүй 3 халдвар бүртгэгджээ. 

БНХАУ-ын эх газарт бүртгэгдсэн нийт халдварын тоо өнөөдрийн байдлаар 83,001, нас баралт 4,645 байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооны өдөр тутмын мэдээлэлд дурдсан байна.

https://www.facebook.com/iKonNews/videos/2663507873930634/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.