Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Чойжин ламын сүм музейн урд талд 41 автомашины зогсоол баригдсан. Бусад бүтээн байгуулалтын ажил эхэлж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Чойжин ламын сүм музейн урд талд автомашины зогсоол баригджээ.

Энэ талаар ХБХГ-ын Ерөнхий архитекторын ажлын албаны төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Дарханчулуунаас тодрууллаа.

"Хот байгуулалт хөгжлийн газраас 2019 оны тавдугаар сарын 09-ний өдөр “Чойжин ламын сүмийн цогцолборын тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар” батлагдсан. 

Тус даалгаврын дагуу тохижилтын ажлын загвар зургийг мөн оны зургаадугаар сарын 15-ны өдөр баталсан юм.

Чойжин ламын музейн үйлчлүүлэх нийт хүмүүсийн 70 орчим хувь нь гаднын жуулчид байдаг. Гэсэн ч тэдний автобусанд тохирсон авто зогсоол байдаггүй.

Тиймээс төлөвлөлтийнхөө дагуу эхний бүтээн байгуулалт буюу Чойжин ламын сүм музейн урд талын зориулалтын авто зогсоолыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хариуцан хийж буй.

Уг авто зогсоолд 41 автомашин байрлуулах боломжтой.

Гэрэл зургийг Mpa.mn

Тодруулбал, музейгээр үйлчлүүлэхдээ уг зогсоолд автомашинаа тавиад явах зориулалттай. Гэхдээ дараагийн менежментийн асуудлыг нь би мэдэхгүй.

Ямартай ч Чойжин ламын сүмийн цогцолборын тохижилтын ажлын бүтээн байгуулалт дөнгөж эхэлж байна. Цаашид бусад бүтээн байгуулалтын ажлууд нь хийгдэнэ" гэв.

Эргэн сануулахад, уг музейн хамгаалалтын бүсэд баригдсан 270 м2 талбай бүхий хоёр давхар барилгыг 2018 онд албадан буулгаж, нийт 3,600 м2 газрыг чөлөөлж, тус талбай дээр Чойжин ламын сүм музейн зүгээс цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Гэхдээ уг талбай өнөөдөр авто зогсоол болсон байгааг та бид харж байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Улмаар 2020 оны тавдугаар сарын 11-ний өдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Чойжин ламын сүм музейн цогцолборт газрын гудамжийг авто машингүй гудамж болгосон билээ.