Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Вэб сайт нэрээрээ хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн бол эцсийн өмчлөгчөө заавал мэдүүлнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд “2020 оноос өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлэх” ёстой тухай заасан байдаг.

Тэгвэл үүнд домэйн нэртэй сайтууд хамаарах эсэх талаар УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ж.Аюушаас тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ "Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчөө мэдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн вэб сайтаа хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн бол эцсийн өмчлөгчөө заавал мэдүүлнэ гэсэн үг.

Хэрвээ хуулийн этгээдийн бүртгэлд тухайн сайт нь бүртгэлгүй бол эцсийн өмчлөгчөө мэдүүлэхгүй.

Зарим тохиолдолд сайтыг хариуцаж ажиллуулдаг компани хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэлтэй байдаг. Тийм бол мөн тухайн компани нь өөрөө эцсийн өмчлөгчөө мэдүүлэх ёстой" хэмээн тайлбарлав.

Дээрх журмаар 2020 оноос өмнө байгуулагдсан 190 мянга гаруй хуулийн этгээд нь 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө эцсийн өмчлөгчөө улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой юм.

Хэрвээ бүртгүүлэлгүй хуулийн хугацаа өнгөрөөсөн эсвэл эцсийн өмчлөгчөө худал мэдүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох зохицуулалттай.