Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Намар дэгдэж болзошгүй тахлын хоёр дахь давалгаанд бэлдэхийг Владимир Путин албаны хүмүүст даалгажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт цар тахлын нөхцөл байдлыг онлайн хурлаар хэлэлцэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оны сүүлээр тохиож болзошгүй хоёр дахь давалгаанд бэлтгэлтэй байхыг эрүүл мэндийн яамандаа даалгажээ.

Тэрбээр коронавирусийн халдварын тархалт өнөөдөр буурч байгааг хүлээн зөвшөөрөөд үүнтэй холбоотой хорио цээрийн дэглэмийг сулруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

“Мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлтээр ирэх намар буюу арав, арваннэгдүгээр саруудад тахлын хоёр дахь давалгаа үүсч болзошгүй байна. Өнөөдөр бид хорио цээрийн дэглэмээ сулруулахын хажуугаар дараагийн давалгаанд бэлдэх шаардлагатай. Үүнийг би эрүүл мэндийн сайд Михайл Мурашко болон бусад холбогдох албаны хүмүүст даалгаж байна” гэж Путин ярьжээ.

Коронавирусийн цар тахлын дэгдэлт ОХУ-д саарах хандлагатай байгаа ч санаа амрах болоогүйг энэ үеэр Путин анхааруулсан байна.

“Ердөө нэг долоо хоногийн өмнө Орос даяар халдварын өсөлт 5.9 хувьтай байсан бол өнөөдөр 3.5 хувьтай байна. Оношилгоо шинжилгээг өргөжүүлэхтэй зэрэгцэн ийм бууралт ажиглагдаж байгаа нь чухал үзүүлэлт юм. Сүүлийн хоёр долоо хоногт гүйцэтгэсэн оношилгооны тоо бараг 3 саяар өслөө. Одоо өдөр бүр 240,000 орчим оношилгоо гүйцэтгэж байна” гэж тэр мэдэгджээ.

Өчигдрийн байдлаар ОХУ-д коронавирусийн халдварын 326,448 тохиолдол бүртгэгдэж, 3,249 өвчтөн нас бараад байна.

Өнгөрсөн хугацаанд нийтдээ 99,825 өвчтөн бүрэн эдгэрснийг албаны эх сурвалж мэдээлжээ.

 

Эх сурвалж: ТАСС