Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт өмнөх оны мөн үеэс 48.4%-аар буурчээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний дөрвөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (24.1%) их наяд төгрөгөөр буурсан болохыг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  

Нийт үйлдвэрлэл буурахад, 

  • Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.3 (33.0%) их наяд төгрөгөөр,
  • Боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 65.1 (6.5%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. 

Харин цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 66.8 тэрбум төгрөгөөр буюу 15.3%-аар өссөн байна. 

 
гэрэл зургийг MPA.mn

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан "Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний дөрвөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 2.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (33.0%) их наяд төгрөгөөр буурсан. Үүнд, 

  • нүүрс олборлолт 944.2 (55.0%) тэрбум төгрөгөөр,
  • газрын тос олборлолт 254.2 (77.1%) тэрбум төгрөгөөр,
  • металлын хүдэр олборлолт 113.4 (6.2%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2020 оны эхний дөрвөн сард алт олборлолт өмнөх оны мөн үеэс 2.1 дахин их, боловсруулах аж үйлдвэрийн салбарт гурил, шингэн сүү, ус, ундаа, жүүс, спирт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 14.5-32.7 хувиар өссөн.

Мөн нүүрсэн шахмал түлш болон амны хаалтны үйлдвэрлэл 2020 оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 4.5-19.2 дахин өссөн" гэв. 

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

Энэ оны эхний дөрвөн сард урьдчилсан гүйцэтгэлээр аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.4 их наяд төгрөгөөр буюу 36.6%-аар буурчээ. Үүнд, 

  • Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 2.2 (48.4%) их наяд төгрөгөөр,
  • Боловсруулах аж үйлдвэрийн салбарын борлуулалт 220.9 (15.2%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлсөн байна. 

Харин цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын борлуулалт 67.8 (15.4%) тэрбум төгрөгөөр өссөнийг мөн мэдээлэв. 

Үндсэндээ борлуулсан бүтээгдэхүүний 2.3 их наяд төгрөг буюу 55.8 хувийг гадаад зах зээлд борлуулсан аж. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/StatisticMongolia/videos/269076054242102/