Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: БНЭУ-д бүртгэгдсэн халдварын тоо БНХАУ-ын тооноос давжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар гарсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Дэлхийн хэмжээнд халдварын тоогоор АНУ, ОХУ, Их Британи, Бразил, Испани, Итали зэрэг улс эхний 10-т бичигдсээр байна.

БНЭУ

Дэлхий дахинд өчигдөр гарсан нэг өөрчлөлт нь БНЭУ-д бүртгэгдсэн халдварын тоо БНХАУ-ын тооноос давж, дэлхийн хэмжээнд эхний 11-т бүртгэгдэх болжээ.

ДЭМБ-ын тавдугаар сарын 16-ны өдрийн мэдээллээр БНЭУ-д нийт халдвар авсан хүний тоо 85,900 гаруйд хүрч, өвчний улмаас 2,700 гаруй хүн нас барж, 30 мянган хүн эдгэрчээ.

Одоогоор тус улсад 53 мянга гаруй хүн идэвхтэй халдвартай хүн байгаа юм.

Бразил

Өчигдөр Бразил улсад шинэ халдварын тоо 15 мянгаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 233 мянга болсон байна.

Ингэснээр тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо Испани, Итали улсын тооноос давж, дэлхийн хэмжээнд дөрөвдүгээрт бичигдэх болжээ.

Мөн тус улсад сүүлийн 24 цагийн дотор 816 хүний нас баралтын тохиолдол бүртгэгдсэн байна.

ОХУ

ОХУ-д нийт халдварын тохиолдлын тоо 272 мянга гаруйд хүрч, 2,537 хүн уг өвчний улмаас нас бараад байна.

Сингапур

Тус улсад сүүлийн 24 цагийн дотор 465 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн байна.

Шинэ тохиолдлуудын дөрөв нь тус улсын байнгын оршин суугч иргэд бол үлдсэн нь гадаадын цагаачид байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Сингапурт бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 27 мянга гаруй болсон байна.

Япон

Япон улсад Баасан гарагт үндэсний хэмжээнд COVID-19 халдварын 57 шинэ тохиолдол, нас баралтын 19 тохиолдол нэмэгдсэн.

Одоогоор нийт халдварын тохиолдлын тоо 16,300 байгаагаас 11,800 гаруй нь эдгэрч эмнэлгээс гарсан байна.

БНСУ

Тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр шөнийн клубын голомтод халдвараас эхтэй халдварын тоо өчигдөр 9-өөр дахин нэмэгдэж, 162 болжээ.

Шөнийн клубүүдээр үйлчлүүлсэн иргэдийн зарим нь өөр кароаке, баараар үйлчлүүлж, хоёрдогч байдлаар халдвар дамжсаныг Баасан гарагт илрүүлсэн байна.

Голомтод халдварыг илрүүлэх үүднээс тус улсад нийт 46 мянга гаруй шинжилгээ хийжээ.

Үүнээс гадна өчигдөр БНСУ-д дөрвөн тохиолдол гаднаас зөөвөрлөгдөж, нийт халдварын тохиолдлын тоо 11,050 болжээ.

ХБНГУ

ХБНГУ хязгаарлалтын арга хэмжээнүүдээ цуцалж, Европын зарим улстай хоёр талын хилээ харилцан нээх асуудлыг тохиролцож байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тус улсын халдварлалтын индекс нэг хувьтай байсан бол тавдугаар сарын 16-ны өдрийн мэдээллээр буурч, 0.88 хувьтай болжээ.

Өнөөдрийн байдлаар тус улсад нийт 173,700 хүн халдвар авсан бөгөөд 152 мянга орчим хүн эдгэрч эмнэлгээс гараад байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/236409061014702/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.