Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск хөл хориог зөрчиж, үйлдвэрээ нээсний төлөө баривчлуулахад бэлэн гэжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн Калифорни муж дахь үйлдвэрийн ажиллагааг журам зөрчин сэргээж байгаагаа гүйцэтгэх захирал Илон Маск өчигдөр зарлажээ.

АНУ даяар мужууд хорио цээрийн дэглэмээ бага багаар сулруулж эхэлсэн. Калифорни муж мөн дэглэмээ сулруулсан бол Теслагийн үйлдвэр байрладаг Аламеда дүүрэг үйлдвэрүүдийг нээхийг зөвшөөрөхгүй байгаа юм.

Маск өнгөрсөн Бямба гарагт Аламеда дүүргийн захиргааг шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэнээс гадна үйлдвэрээ Калифорни мужаас нүүлгэнэ гэж сүрдүүлж байв.

Харин Даваа гарагт тэрбээр шүүхийн шийдвэрийг хүлээлгүй үйлдвэрээ нээсэн юм. Маск твиттер хуудсандаа “үйлдвэрийн шугам дээр ажилчдынхаа дунд байнга байж, хууль сахиулагчид ирвэл зөвхөн өөрийгөө баривчлуулна” гэж бичжээ.

Аламеда дүүргийн захиргаа Теслагийн үйлдвэр ажиллаж эхэлснийг мэдсэн бөгөөд бусад бизнесийн байгууллагуудад тавьдаг шаардлагаа адил хэрэгжүүлнэ гэж мэдэгджээ.

Америкийн бусад бүх автомашин үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа сэргээгээд байхад Тесла ганцаараа хаалттай үлдсэнийг Илон Маск тайлбарлаж байв.

Гуравдугаар сарын дундуур Калифорни муж даяар хорио цээрийн дэглэм тогтоход Теслагийн үйлдвэр журам зөрчин ажиллаж байснаа орон нутгийн захиргааны шаардлагаар гуравдугаар сарын 26-наас үйл ажиллагаагаа зогсоосон юм.

Тесла компанийн АНУ дахь цорын ганц үйлдвэр Калифорни мужийн Аламеда дүүргийн Фремонд хотод байрладаг. Өнгөрсөн онд тус компани гадаад дахь анхны үйлдвэрээ Шанхай хотод нээсэн бол одоо Германд дараагийн үйлдвэрээ нээхээр ажиллаж байгаа.

Маск үйлдвэрээ нүүлгэхээр сүрдүүлсний дараа Техас, Жоржиа, Невада, Юта  зэрэг мужуудын удирдлагууд санал тавьж эхэлсэн мэдээ байна.

АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин өчигдөр хэвлэлд ярихдаа аж үйлдвэрийн салбарын томоохон төлөөлөгч Теслагийн үйлдвэрийг нээх асуудалд Калифорни мужийн захиргаа тусгайлан анхаарал хандуулах хэрэгтэй гэжээ.

 

Эх сурвалж: BBC