Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын дэд ерөнхийлөгчтэй уулзах хүмүүсээс амны хаалтаа авахыг шаарджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс тус улсын Айова мужийн Дес Мойнес хотод хүнсний компаниудын удирдлагуудтай уулзалт хийхээр очсон юм. Махны томоохон үйлдвэрүүдийн ажилчдын дунд коронавирусийн халдвар тарж, Америкчуудын махны нийлүүлэлт тасалдах аюул нүүрлэсэн асуудлаар тэд хэлэлцсэн юм байна.

Сонирхолтой нь Майк Пэнсийг танхимд орж ирэхээс өмнө нэг эмэгтэй ширээнд суусан захирлуудад амны хаалтаа авахыг зааварлаж байгаа нь видео бичлэгт үлджээ.

Энэ явдал Цагаан ордны эзэд эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагахгүй байгааг батлан харуулсан нэг жишээ болсон байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп амны хаалт зүүхийг эрс эсэргүүцдэг. Майк Пэнсийг Айова руу нисэхийн өмнөхөн түүний хэвлэлийн албаны нарийн бичгийн даргаас коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээ ирж, дагалдаж явсан хүмүүсээс зургаа нь онгоцноос бууж үлдсэн юм. Тэд халдвар тээгчтэй ойр ажилладаг хүмүүс байжээ.

Майк Пэнс өөрөө дөрөвдүгээр сарын сүүлээр Covid-19 өвчтөнүүдийг эмчилж байгаа эмнэлэгт зочлохдоо ганцаар амны хаалт зүүгээгүй байсан нь өргөн шүүмжлэл дагуулж байв.

Өнгөрсөн долоо хоногт Цагаан ордон дотроос хоёр халдварын тохиолдол илэрсэн бөгөөд үүний дараа бүх ажилтанд амны хаалт зүүх шаардлага тавьж эхэлжээ. 

Харин ерөнхийлөгч Дональд Трамп ганцаараа амны хаалт зүүхгүй хэвээр байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider