Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Японы сургалтын эмнэлэг шаардлагатай тохиолдолд ашиглах тусгаарлах өрөө гаргажээ

ikon.mn
2020 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын ХМОНХХэлтэс

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Монгол-Японы сургалтын эмнэлэгт ажиллалаа.

АШУҮИС-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал Ц.Эрхэмбилэг “АШУҮИС-ийн эмнэлэг 104 ортой, дэвшилтэт технологи, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх төдийгүй яаралтай тусламж үйлчилгээ, Монголд эмчлэгдэх боломжгүйд тооцогддог зүрх, судасны өвчин эмгэг, тархины өвчин эмгэг, хавдар зэрэг 26 өвчнийг эмчлэх боломжтой.

Мөн MRI, соронзон томографи, ангиографи гэсэн шинэ дэвшилт технологийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлээд зогсохгүй “өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ”, “эмнэлгийн тусламж үйлчилгээг багаар үзүүлэх” зэрэг Япон эмнэлгийн менежментийг хэрэгжүүлж ажиллаж буй.

Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор эмнэлгийн хүчин чадлын хүрээнд шаардлагатай тохиолдолд ашиглах тусгаарлах өрөө гаргасан” гэв.

 

Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайхан “Коронавирусийн халдварт цар тахалтай энэ үед шаардлагатай тохиолдолд иргэдийг хүлээн авч эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх тусгаарлах өрөө гаргаж ажиллаж байгаа нь маш зүйтэй” гэдгийг онцолж байв.

Эмнэлгийн найдвартай үйл ажиллагааг хангаж, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэхийн тулд эмнэлгийг шат дараатай ашиглалтад оруулсан байна. Өнгөрсөн зун амбулаторийн дотрын тасгуудыг ашиглалтад оруулан эмнэл зүйн үйлчилгээг эхлүүлж эхэлсэн бол мэс заслын тасаг болон хэвтэн эмчлүүлэх тасгийг дараагийн шатанд нээжээ.

Түүнчлэн яаралтай тусламжийн тасгийн үйлчилгээг гурав дахь шатанд ашиглалтад оруулсан байна. Ингэснээр Япон менежментийн сайн чанартай, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг Баянзүрх дүүргийн 60 мянган иргэнд үзүүлэхээс гадна эмнэлгийг зорин очсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ цаг алдалгүй хүргэж ажиллаж байгаа аж.

Хотын Захирагчийг тус эмнэлэгт ажиллах үеэр эмнэлгийн удирдлагуудын зүгээс зарим шинжилгээ, оношилгоог хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, урвалж бодис авахад шаардагдах хөрөнгө мөнгийг шийдэж өгөхийг хүслээ.

АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон “Үндсэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд бүгд байгаа боловч зарим нэг дагалдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дутуугаас болоод шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа тохиолдол байна. Тийм учраас эдгээрийг авахад шаардагдах хөрөнгө мөнгийг холбогдох газруудтай зөвшилцөж боломж, бололцооныхоо хүрээнд шийдэж өгөхийг танаас хүсэж байна” гэлээ.

Хотын Захирагчийн зүгээс “Улсын онцгой комисст танилцуулъя. Мөн Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдтай зөвлөлдье. Та бүхний үйл ажиллагааг доголдуулахгүй явуулахад шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж авахад шаардагдах хөрөнгө мөнгийг шийдэх ямар боломж, бололцоо байгааг судалж, нийслэлээс шийдэж болох боломжоор нь асуудлыг шийдэж өгнө. Харин шаардагдах зүйлийнхээ жагсаалтыг гаргаж өгөх нь зүйтэй. Би холбогдох хүмүүст танилцуулъя. Та бүхний үйл ажиллагааг хэвийн явуулахад нийслэлээс бүх талаар дэмжиж, хамтарч ажиллана” гэдгээ илэрхийлэв.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс