Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: Амьсгалын аппарат 425 байна. Мөн 415-ыг шинээр авахад бэлэн байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын үед улс орон бүр эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, хүний нөөцөө бэлтгэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна. 

Манай улсын цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлаа хэрхэн хангаж буй талаар болон тусгаарлах байранд ажиглалтад буй хүмүүсийн тухай мэдээллийг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал танилцууллаа.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тусгаарлах байранд 1,451 хүн тусгаарлагдаж байна. Өссөн дүнгээр нэгдүгээр сарын 9-нөөс хойш 5,143 хүн иргэн тусгаарлах байранд ажиглагдсан. 

Одоогоор тусгаарлах байранд

  • 0-5 настай хүүхэд 37
  • Жирэмсэн эмэгтэй 28
  • Артерийн даралт ихсэх эмгэгтэй 63
  • Зүрх судасны бусад эмгэгтэй 12
  • Чихрийн Шижинтэй 19
  • Хоол боловсруулах замын эмгэгтэй 9
  • Хорт хавдрын улмаас эмчилгээ хийлгэж буй 17 хүн байгаагаас хоёр нь эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Энэ бүх иргэнд мэргэжлийн эмч нар тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн лабораторийн шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан" гэв.

Харин гэрийн ажиглалтад байгаа иргэдэд өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн төвүүд хяналт тавьж байгаа аж. Улаанбаатар хотод 1,897 иргэн гэрийн ажиглалтад байна. Өчигдөр 721 иргэний хяналтын хугацаа дуусжээ.

"Коронавирусийн халдварын тохиолдлыг эмчлэх, хянаж ажиглах зориулалтаар 2,915 ор бэлдсэн"

Вирусийн халдвар авсан иргэдийн эмчилгээнд вирусийн эсрэг эмчилгээ, өргөн үйлчилгээтэй антибиотик хэрэглэхийн хамт дархлаа сайжруулах, хордлого тайлах, шинж тэмдгийн эмчилгээнүүдийг хийж байгаа талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал танилцуулав.

Түүнчлэн тэрбээр "Монгол Улсад халдвар тархах эрсдэл, халдвар авсан хүмүүс хүндрэх эрсдэл зэргийг тооцоолж, эмнэлгийн ор нээх төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар ор дэлгэж байна. 

Одоогоор улсын хэмжээнд эмнэлгийн 18,669 ор байна. Түүнчлэн эмнэлэг бүрт тусгаарлан ажиглах өрөө гэж бий. Эдгээрийг коронавирусийн халдварын тохиолдлыг эмчлэх, хянаж ажиглах зориулалтаар бэлтгэгдсэн. Нийтдээ 2,915 ор бэлэн байдалд байна. 

Үүнээс гадна 5,800 орыг шат дараатайгаар чөлөөлөхөөр бэлдлээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Асралт мед эмнэлгийн орыг одоогоор ашиглаж байгаа бол цаашид Улсын I, II, III төв эмнэлэг, АШУҮИС-ийн шинэ эмнэлгийн ор, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн орыг хэрхэн ашиглах талаар тооцооллыг бүрэн хийсэн.

Мөн Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орох гэж байгаа 300 ортой эмнэлгийг ашиглах бэлтгэл ажлыг хангаж байна. Үүнд 880 өрөө бэлэн байна гэсэн үг. Түүнчлэн эдгээрт ажиллах хүний нөөцийг бэлдэж, хангалт хийж байна.

Үүнээс гадна амьсгалын аппаратны хэдэн хувийг коронавирусийн халдварын үед ашиглахаа тооцоолсон. 

Амьсгалын 425 аппарат бэлэн байгаа. Нэмж 72 аппарат авсан. Мөн 415 аппарат шинээр авахад бэлэн байна. Түүнчлэн ЭКМО аппарат болон эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгслийн захиалгыг хийсэн" хэмээн танилцууллаа. Мөн эмнэлгүүд шаардлагатай тооцоолол, хүнийн нөөцийн менежментээ хийжээ.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/512883299391526/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.