Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын удирдагч чухал түүхэн ойн арга хэмжээнд анх удаа оролцоогүй нь анхаарал татаж байна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ долоо хоногт болсон түүхэн ойн арга хэмжээнд оролцоогүй нь түүний эрүүл мэндтэй холбоотой байж магадгүйг судлаачид Баасан гарагт мэдээлжээ.

Лхагва гарагт тус улсын үүсгэн байгуулагч, Ким Жон Уны өвөг эцэг Ким Ил Суны төрсөн өдөр тохиосон юм.

Энэ өдрийг Умард Солонгос даяар өргөн хүрээнд тэмдэглэж, Нарны Өдөр хэмээн нэрлэдэг.

Лхагва гарагт төрийн өндөр дээд албан тушаалтнууд Ким Ил Суны шарилыг бунхалсан Кумсусаны Нарны ордонд зочилж, хүндэтгэл үзүүлсэн байна. Гэвч албан ёсны мэдээнд Ким Жон Ун оролцсон талаар огт дурдаагүй бөгөөд үйл явдлын гэрэл зурагт ч багтаагүй юм.

Энэ ховор тохиолдол нь 36 настай Ким Жон Унд эрүүл мэндийн асуудал тулгарсан байж болзошгүй гэсэн сэжиг төрүүлжээ.

Пүрэв гарагт Өмнөд Солонгосын улс үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгч түүхэн ойн арга хэмжээнд Умард Солонгосын удирдагч оролцоогүйг мэдэж байгаагаа илэрхийлсэн ч ямар нэг дүгнэлт хийхээс татгалзсан юм.

Өмнөд Солонгосын Сэжон хүрээлэнгийн Умард Солонгосын асуудлаар мэргэшсэн судлаач Чон Сон Чан түүхэнд бараг анх удаа энэхүү түүхэн ойн өдөр Кимийн удмынхан Нарнын ордонд зочилж хүндэтгэл үзүүлсэн тухай Пёньяны төв хэвлэл мэдээлээгүй өнгөрснийг баталжээ. Ким Жон Ун төрийн эрхийг авсан цагаасаа хойш энэ уламжлалыг таслаагүй юм.

“Ийм чухал үзэл суртлын арга хэмжээнд оролцоогүй өнгөрсөн нь түүний эрүүл мэнд, аюулгүй байдалд асуудал үүссэнийг харуулж байж болзошгүй” гэж судлаач тайлбарласан байна.

Мягмар гарагт Умард Солонгос үүсгэн байгуулагчийнхаа ойд зориулан хэд хэдэн пуужин харваж туршсан юм. Ийм чухал туршилтыг Ким Жон Ун өөрийн биеэр удирдан зохион байгуулдаг ч энэ удаа мөн хэвлэлээр огт нэрийг нь дурдаагүй байна.

Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт Ким Жон Ун эрх баригч Хөдөлмөрийн Намын улс төрийн товчооны хуралд оролцож байжээ.

 

Эх сурвалж: Reuters