Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ: Хятадын жишгээр бусад улс орнууд Covid-19 өвчнөөр нас барсан хүнийхээ тоог шинэчлэх магадлалтай

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр шинэ төрлийн коронавирус анх тархаж эхэлсэн Хятадын Ухань хот нас барсан хүнийхээ тоог бараг 1,300 орчмоор нэмж байгаагаа зарласан билээ.

Энэ нь өмнөх албан ёсны тоо баримтыг 50 хувиар өсгөсөн хэрэг байв.

Үүнтэй зэрэгцэн Итали, Испани, Британи, АНУ зэрэг улсуудын мэргэжилтнүүд, засгийн газрууд коронавирусийн хохирлын тоо хэмжээгээ хэрхэн нарийвчлалтай гаргах талаар ярьж эхэлжээ.

Тухайлбал Испанийн засгийн газрын цар тахалтай тэмцэх ажлын хэсгийн тэргүүн, Барселоны их сургуулийн судлаач Антони Трилла “Бид мөсөн уулын дөнгөж орой хэсгийг харж байх өндөр магадлалтай” гэж мэдэгджээ. Тус улсын 17 автономит мужид нас барсан хүний тоог гаргах шинэ аргачлалыг төв засгийн газраас нь өгсөн байна. Одоо тус улсад 19,000 гаруй хүн нас барсан гэх албан ёсны тоо байгаа бол коронавирусийн халдварын шинж тэмдэгтэй ч нас барахаасаа өмнө оношлуулж чадаагүй тохиолдлуудыг тоолоогүй байгаа юм. 

Европ, АНУ-д олон мянган ахмад асрамжийн газруудад нас барж байгаа бөгөөд тэднийг нас барахаас нь өмнө оношилж амжихгүй байна. Ийм тохиолдлуудыг албан ёсны тоо баримтад оруулахгүй байгаа.

Италийн засгийн газар бас өнөөдөр зарлаад байгаа 22,000 гаруй нас барсан тохиолдол нь бодит байдлаас нэлээд зөрөөтэй гэж үзэж байна.

Их Британийн албаны тоо баримт тус улсад Covid-19 өвчнөөр 14,600 орчим хүн нас барсныг харуулж байгаа. Гэхдээ тус улсын статистикийн төв байгууллага хохирлын бодит тоо 15 орчим хувиар өндөр байх магадлалтайг мэдэгджээ.

Өчигдөр Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтэн дэлхийн бусад улс орнууд цар тахлыг хяналтдаа оруулж чадсаныхаа дараа Хятадын жишгээр тоо баримтаа шинэчлэх магадлалтайг хэлсэн байна.

“Өнөөдрийн цар тахлын үед тулгарч байгаа нэг том бэрхшээл бол халдварын тохиолдол бүрийг, нас баралт бүрийг тоолж бүртгэх асуудал болж байна. Миний бодлоор дэлхийн олон улс орон сүүлд тоо баримтаа эргэж харах шаардлагатай болох байх” гэж ДЭМБ-ын Covid-19 тахлын техникийн асуудал хариуцсан захирал Мария ван Керхове мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд Covid-19 өвчний халдвар авсан 2.2 сая гаруй хүн байгаа бол 151,000 гаруй хүн энэ өвчнөөр нас бараад байна.

Сүүлийн байдлаар халдварын батлагдсан тоогоор дэлхийд тэргүүлж буй 10 орны тоо баримтууд:

 

Улсууд

Халдварын тохиолдол

Эндэгдэл

Харьцаа

1

АНУ

684,920

34,614

5%

2

Испани

188,093

19,613

10%

3

Итали

172,434

22,745

13%

4

Франц

147,121

18,703

13%

5

Герман

139,134

4,203

3%

6

Их Британи

109,769

14,607

13%

7

Хятад

83,730

4,632

6%

8

Иран

79,494

4,958

6%

9

Турк

78,546

1,769

2%

10

Бельги

36,682

5,163

14%

 

Эх сурвалж: AFP, Associated Press, Reuters