Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын гэр бүлийнхнээс тэргүүн хатагтай амны хаалт зүүсэн анхны хүн болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп өөрийн твиттер хуудсанд амны хаалт зүүсэн гэрэл зураг, видео дүрсээ нийтэлж, Америкчуудад тахлаас сэргийлэхийн тулд амны хаалт зүүхийг уриалжээ.

Ингэснээр тэр ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийнхнээс олон нийтэд амны хаалттай харагдсан анхны хүн болсон байна.

Меланиа эрүүлийг хамгаалах байгууллагын зөвлөсний дагуу олны дунд байхдаа амны хаалт зүүхийг нийт хүмүүст уриалжээ.

Гэхдээ амны хаалт зүүснээр олон нийтээс тусгаар байх “social distancing” зарчмыг зөрчих ёсгүйг давхар анхааруулсан байна.

Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэхдээ амны хаалт зүүхийг АНУ-ын эрх баригчид үр дүнгүй арга гэж үзэж байсан юм. Харин дөрөвдүгээр сарын 3-ны өдөр буюу өнгөрсөн Баасан гарагт Цагаан ордон анх удаа амны хаалт зүүхийг Америкчуудад уриалсан байна. Харин ерөнхийлөгч Дональд Трамп эрүүл мэндийн байгууллагынхаа зөвлөмжийг хэрэгжүүлэх эсэх нь “сайн дурын хэрэг” гэж тайлбарлаад өөрөө амны хаалт зүүхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: CNN