Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-аас халдвар зөөвөрлөгдөж ирэх нь нэмэгдсэн тул Хятад улс хилээ хааж, нэг хотыг тусгаарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хятад улс ОХУ-тай залгаа хилийнхээ хуурай газрын боомтуудыг хааж, зүүн хойд Хэйлунжянь мужийн Сүйфенхэ хотыг “Ухань маягаар” тусгаарлаж байгаагаа Лхагва гарагт зарлажээ.

Мягмар гарагт Оросын талаас нэвтэрсэн хүмүүсийн дундаас шинэ коронавирусийн халдварын 25 тохиолдол илэрсэн нь ийм шуурхай арга хэмжээ авахад хүргэсэн байна.

Шинэ тохиолдлууд бүгд Хятадын Сүйфенхэ болон Оросын Пограничный хотуудыг холбосон хилийн нэвтрэх хэсгээс илэрсэн гэнэ.

 

Үүний дараа Лхагва гарагийн өглөөнөөс эхлэн Сүйфенхэ хот руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг хааж, хөл хорио тогтоон гадаад ертөнцөөс тусгаарлажээ.

Тус хотын айл өрхүүдээс сонгогдсон зөвхөн нэг хүн гурав хоног тутамд нэг удаа гадагш гарч, хоол хүнс, ойр зуурын бараа материал худалдаж авах эрхтэй. Зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжлэх энэ хориг нь коронавирусийн тахлын анхны голомт болсон Ухань хотод тогтоож байсан дэглэмтэй ижил байна.

Ухань хотод 76 хоногийн турш хэрэгжсэн хорио цээрийн дэглэм Лхагва гарагаас эхлэн зогссон юм.

Хятад улс дотооддоо тархсан халдварыг амжилттай тогтоон барьж чадсан ч сүүлийн үед гадаад орнуудаас зөөвөрлөгдөн ирэх халдварын тоо нэмэгдэж байгаа.

 

Эх сурвалж: Newsweek