Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Зээлийн хүү, зах зээлийн үнэ ханшийг захиргаадалтаар удирдах боломж хязгаарлагдмал

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын чуулганы Мягмар гарагийн хуралдаанаар цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн. Энэ үеэр банкны салбарын реформын баримт бичгийг Монголбанкнаас УИХ-д энэ долоо хоногт өргөн барих гэж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн юм. 

Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд иргэд, аж ахуйн нэгжид хамгийн том дарамт болж байгаа зүйл нь зээлийн төлөлт болон хүү. Тиймээс зээлийн хүүг бууруулах, иргэдийн ачааг бодитоор хөнгөлөхийн тулд Монголбанк, Сангийн яам онцгой нөхцөл гэж үзэж, экстрим арга хэмжээ авах шаардлагатай ба энэ талаар ямар байр суурьтай байгаа талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах хариултыг өгсөн юм. 

“Зээлийн хүүгийн талаар Монголбанк хариулах хэрэгтэй. Яагаад гэвэл Сангийн яам, Засгийн газар хоёр жилийн турш банкны салбарын реформыг нэхсэн, шаардсан. Энэ салбарт гаднын хөрөнгө оруулалтын банкийг оруулж ирж өгөөч ээ гэдгийг зөндөө гуйсан. Төрөл бүрийн ажлын хэсэг гараад, дарга нар нь солигдоод л байсан. Юу ч хийгээгүй. Үр дүн нь өнөөдөр байж байгаа энэ байдал. Тийм учраас УИХ өөрсдөө гаргах шаардлагатай хуулиудаа гаргах хэрэгтэй. Тэр хуулиудаа энэ богино хугацаанд гаргаж, арилжааны зарим банкны ноёрхлууд дээр цэг тавих ёстой. Тэгэхгүйгээр энэ ажил амар хийгдэхгүй. Засгийн газар, Сангийн яам хоёр жил энэ танхимаас гуйсан. Хариу юу ч өгөөгүй. Тэрийг энд заавал хэлье гэж бодож байна” гэлээ.

Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Зээлийн хүү, хадгаламжийн хүү, инфляц нь эрсдэл шингээсэн, макро эдийн засгийн байдлаасаа шалтгаалж байгаа. Манайх Америк шиг доллар хэвлэдэггүй, бодлогын хүү 0.5 хувь байдаггүй. Бодлогын хүү бууруулчихаар зээлийн хүү буурчихгүй. Эдийн засгийн онол амьдралаас шалгарсан зүйл учраас хэлснээр хийж болдоггүй. 

Хадгаламжийн хүүг хүчээр бууруулах гэхээр хоёр тал гэрээ байгуулж, хүүгээ тохирсон байдаг тул төрөөс хязгаарлаж оролцох, зах зээлийн үнэ ханшийг захиргаадалтаар удирдах боломж хязгаарлагдмал. Тэр тохиолдолд дандаа л эдийн засаг эргүүлээд хариу барьчихдаг учраас бодит байдлыг нийгэмд зөв тайлбарлах нь зүйтэй” гэлээ. 

Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх долоон арга хэмжээгээ танилцуулах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар банкны салбарт реформ хийх цаг болсон гэдгийг хэд хэдэн удаа тодотгож байсан. Тэгвэл Монголбанкнаас энэ долоо хоногт банкны салбарын реформын баримт бичгийг ийнхүү УИХ-д өргөн барихаар болжээ.