Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирус хаа хүрч дуусах вэ, түүний нөлөөлөл

ikon.mn
2020 оны 4 сарын 8
Сурталчилгаа

Дөрөвхөн сарын өмнө Корона Вирус буюу COVID19 талаар хэн ч мэдэхгүй байв. 12 сарын 31 нд үл мэдэгдэх нэгэн вирусээр үүсгэгдсэн өвчний талаархи мэдээлэл Хятадаас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад бүртгэгдсэн байдаг.  Гэтэл өчигдрийн мэдээллээс үзвэл энэ бичил вирус 1,271,679 хүнд халдварлагдаж 69,402 хүний аминд хүрээд байна. 261,424 хүн эмчлэгдсэн. Үүнээс Европ тивд одоогийн байдлаар хамгийн олон хүн буюу нийт халдвартай хүмүүсийн 65% орчим бүртгэгдээд байгаа. Хэдийгээр бусад аюултай өвчнүүдтэй харьцуулахад үхлийн магадлал бага хэдий ч  халдвартай хүмүүсийн тоо экспоненциал графикаар буюу огцом өсөлтийн трендтэйгээр өссөөр байгаа нь дэлхий даяар аюулын харанга дэлдээд байна. Энэ вирус хүмүүсийг ажлын байрнаас нь , хүүхдүүдийг сургуулиас нь, хүмүүсийг найз нөхдөөс нь хөндийрүүлж эмнэлэгүүдийг дүүргэж олон нийтийн газруудыг хоосон болгожээ.

 

Итали улс. Ром хот. Орон нутгийн цагдаа нарын хяналт. 2020.03.15

Цаашлаад хөрөнгийн зах зээл, дэлхийн эдийн засагт түүхэн хор хохирол учруулах нь тодорхой болжээ. Энэхүү хямралын үеэр 1929 оны биржийн хямрал, 2009 оны  дэлхийн эдийн засгийн хямралуудын үеэр хэрэгжүүлж байсан бодлогуудыг хэрэгжүүлэх нь үр дүн муутай байх магадлалтай. Учир нь бидэн рүү ойртон ирж яваа нүүгэлтсэн хар үүл шиг энэ удаагийн хямралын шалтгаан нь хорио юм. Ард түмэн ажилтай орлоготой байж эдийн засаг эргэлтэнд орж цагны механизм шиг тасралтгүй ажиллах сууриа бүрдүүлдэг. Харамсалтай нь ажилгүй орлогогүй болж гэртээ эрх чөлөөгүй сууж буй ард түмэн, бизнес нь хаагдсанаас яахаа мэдэхгүй толгойгоо салаавчлан хэвтэж буй ажил олгогч нар өөр гарц хайж бизнесээ шинэ түвшинд хувиргахгүй л бол тэсч үлдэхэд бэрх.

Олон арван жилд л нэг удаа амьтнаас хүн рүү халдварлагдах хүртлээ мутацид орох чадвартай, магадлалтай байдаг  бидний нүдэнд үзэгдэхгүй бичил вирус дэлхийг хамарсан өөрчлөлтийг хийж дэг журам тогтоох эрх мэдэлтэй болжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэхүү өвчинг 1 сарын 30 нд аюулын түвшин зарласан бол 3 сарын 11 нд цар тахал хэмээн зарласан билээ.

Доорхи графикаас дэлхийн 50 гаруй оронд халдварын тоо цаг хугацаанаас хамааран хэрхэн өсөж байгааг харж болно. Эдгээрийг харвал бүх орнуудад ерөнхийдөө ижил буюу халдвартай хүмүүсийн тоо эхний шатанд багаар өсч байгаа хэдий ч  гэнэт маш их тоогоор нэмэгдэж халдварыг хязгаарлахын тулд олон нийтийг хамарсан хатуу хөл хорионы дэглэм рүү шилжихээс өөр аргагүй байдалтай болгож байна. 

 

Дэлхийн улс орнуудад тархаж буй COVID19 тархалтын график. 2019.04.01

ХЭДЭН ОРОНД ОНЦГОЙ БАЙДАЛ ЗАРЛААД БАЙГАА ВЭ ?

Одоогийн байдлаар дэлхий даяараа хүмүүс хамгийн их цуглардаг газруудыг хааж, олон нийтийн бүхий л арга хэмжээг хориглож сургууль, цэцэрлэгүүд онлайн горимд шилжиж байна.   Дэлхийн нийт хүн амын 3 ны 1 нь онцгой байдалд байгаа бол дэлхийн ихэнхи орнууд гадаад орнуудаас ямар ч зорчигч авахгүйгээр бүтэн хилээ хаагаад байна.  Энэтхэг, Франц, Итали, Испани, Австрали, Шинэ Зеланд, Польш, Англи, Бельги, Унгар, Сингапур улсууд вирусын тархалтыг хязгаарлах зорилгоор хатуу хөл хорионы дэглэмийг 3 сарын 05 с 4 сарын 15, 30 хүртэл мөрдөж иргэдийг зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлэг рүү л орох зорилгоор гадагшаа гарахыг зөвшөөрч байгаа юм. Энэ дэглэм 2 долоо хоногоос сар хүртэл дахин сунах магадлалтай байна. Мөн онцгой байдал руу шилжиж буй орнууд өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.

 

АНУ. Нъю Иорк хот. Алдарт Тайм скуэр талбай. 2020.03.25

Хөл хорионы дэглэмийг зөрчсөн иргэдийг Европт 150-2,500 орчим еврогоор торгож байна. Тайландын ерөнхийлөгч хөл хорионы дэглэмийг зөрчсөн иргэдийг 2 жил хүртэл  шоронд хорих буюу 1,200 доллараар торгохоор шийдвэрлэсэн бол Филиппиний ерөнхийлөгч дэглэм зөрчсөн иргэдийг буудах зөвшөөрлийг цагдаа, цэргийнхэнд зөвшөөрсөн байна. Панам, Перу улсууд хүмүүсийг хүйсээр нь ангилж долоо хоногийн тодорхой хоногуудад гадагшаа гарахыг зөвшөөрч байгаа бөгөөд бүтэн сайн өдөр бүгд гэртээ байх ёстой гэнэ.  Сингапурын Ерөнхий сайд 4 сарын 3 нд бүх ард иргэддээ хандаж хэлсэн үгэндээ Сингапур хэдийгээр халдвартай хүмүүсийн хавьтлыг тогтоох чиглэлээр сайн ажиллаж байгаа боловч нийт халдвар авагсдын бараг талыг нь олж оношилж чадаагүй, хэнээс хэзээ авсныг нь илрүүлж чадахгүй байгаа тул иргэдийг зөвхөн гэр бүлийнхэнтэйгээ л харилцаж гэрээсээ огт гарахгүй байхыг үүрэгдэж 3 р түвшин буюу хамгийн хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж эхлээд байгаа юм.    Австралид мөн 3 р түвшингийн онцгой байдал зарласан. 2 хүн хоорондоо таарвал хоорондоо 2 с дээш м ын зайтай явах зааварчилгаа өгч байгаа ба 3 с дээш хүн цугларсан тохиолдолд шууд 1.500 доллараар торгож байна. Монголд одоогийн байдлаар олон улсынстандартаар үзвэл 1 р түвшиний хөл хорионы дэглэмийг мөрдөж байгаа.   

 

Хятад улс. Шанхай хот. Гудамж. 2019.04.01

Хамгийн олон хүнийг хамарсан хөл хорио Энэтхэгт 3 сарын 24 с хойш 21 хоног үргэлжилсээр байна.  Ерөнхий сайд Нарендра Моди вирусын тархалтыг хязгаарлахын тулд 1.3 тэрбум Энэтхэгчүүдийг  гэртээ байхыг үүрэгджээ. Дэлхий дээр ядуусын тоогоороо тэргүүлдэг, хүн амын нягтрал маш өндөр Энэтхэг улсад 7 сар гэхэд COVID 19 нийт 300 сая орчим хүнд халдварлагдаж 30 сая хүнийг маш хүнд хэлбэрээр өвчлүүлэх магадлалтай байна.  Ялангуяа 1,000 хүнд ногдох эмнэлэгийн орны тоо нь 0.7 буюу бусад орнуудтай харьцуулахад 3 с 5 дахин бага (Энэ тоо Италид 1,000 хүнд 3.4, Америкт 2.9 байна.)  хүчилтөрөгч, амьсгалын аппарат нь 50,000 хүрэхтэй үгүйтэй маш бага тоотой энэ оронд түгшүүрийн харангыг дэлдээд байгаа.

Америк эрүүл мэндийн үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч орон хэдий ч энэхүү өвчний тархалтыг хязгаарлах талаар цаг алдалгүй арга хэмжээ авч чадаагүйн улмаас халдварын тоо маш хурдтай өссөөр байна. Шинэ халдварын голомт болоод буй Нъю Иорк хотод ...  

 

Энэтхэг улс. Мумбай хот. Цагдаа нар орон гэргүй хүмүүсийн гарыг ариутгаж байгаа нь . 2020.04.05

ЯАГААД МЭРГЭЖИЛТНҮҮД САНАА ЗОВЖ БАЙНА ВЭ ?

Учир нь энэ вирусын талаар мэдэхгүй зүйлс маш их. Анх Хятадаас эхэлж дэлхий даяар тархаад байгаа энэ вирусын халдвараас өмнө энэ вирусээр өвчилж байсан хүн байхгүй тул бидний хэнд ч энэ өвчний эсрэг дархлаа байхгүй.

Хэдийгээр энэхүү вирусаар халдварлагдсан ихэнхи хүмүүс ялангуяа 40 с доош насныханд  тусгай эмчилгээ шаардахгүйгээр зөөлөн буюу дундаж өвчлөлийн шинж тэмдэг үзүүлж байгаа хэдий ч зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй, архаг болон хүнд хэлбэрийн өвчтэй, ахимаг настай, хавдартай хүмүүст ялангуяа тун хүндээр тусаж байна.  COVID 19 вирус ерөнхийдөө халдвартай хүн ханиах буюу найтаахад шүлсний дуслаар дамжин агаар дуслын замаар дамжин халдварлагдаж байгаа тул энэхүү вирусын халдвар, тархалтыг зогсоохын тулд, өөрийгөө болон хайртай хүмүүсээ, бусдыг хамгаалахын тулд маскаа зүүж гараа тогтмол угааж алкохолын агууламжтай гар ариутгагч хэрэглэж хамгийн чухал нь гэртээ байх нь маш чухал юм.

 

Вирусны тест.

Өмнө нь вирусээр үүсгэгдэж байсан өвчин гарч тархаж байсан уу гэвэл олон удаа тархаж байсаан. Хамгийн сүүлийн жишээг дурдахад 1976 онд анх оношлогдсон, 5 хоногоос  2 долоо хоногийн дотор бөөлжих, гэдэс гүйлгэх, цус алдах зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг Эбола вирус 2013 он хүртэл нийт 2,387 хүнд халдварлагдаж 1.590 хүний амийг авч одсон юм. Үүний дараа 2013-2016 онд Африкийн орнуудад дахин дэгдэж 28,646 хүнд халдварлаж 11,323 хүний аминд хүрсэн байдаг.  Энэ вирусны тархалт ингэсхийгээд намжсан нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын уйгагүй асар их хөдөлмөрийн үр дүн байсан ба хамгийн чухал нь энэ вирус зөвхөн хүний шингэнээр буюу цусаар халдварлагддаг байсан нь богино хугацаанд олон хүнд халдварлахаас сэргийлж байсан.  Харин COVID19 ийн хувьд амьсгалын замаар буюу агаар дуслаар дамжин халдварлагдаж байгаа нь маш хурдтай тархах боломжыг өгч байна.  Вирусын эсрэг вакцин гаргаж, туршилт хийж, аюулгүй байдлыг нь бүрэн тестэлсний дараа дэлхийн 7 тэрбум хүнд хүргэх хүртэл хамгийн багадаа 1 жил хагасын хугацаа хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд дурдсаар байна.

ВИРУСЫН ТАРХАЛТЫГ ХЭРХЭН ХЯЗГААРЛАХ ВЭ ?

Бидний хэн нь ч энэ вирусын халдвар авах эрсдэлтэй мөн энэхүү халдвараа өөрөө мэдэлгүйгээр бусдад бас тарааж халдварлуулах эрсдэлтэй. Гэхдээ бидэнд боломж бий. Тиймээс энэ бүхнээс газар авахаас сэргийлж, анхаарлаа сулруулахгүйгээр  биднийг хамгаалах хамгийн гол газар болох эрүүл мэндийн системийн ачааллыг хэтрүүлэхгүй байх үүднээс НИЙГМИЙГ ХАМАРСАН ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМИЙГ МӨРДӨХөөс өөр аргагүй.

 

Хятад улс. Вухан хот. COVID19 вирусын халдварыг эмчлэх тусгай эмнэлэг. 2020.02.25

Учир нь Итали, Испани зэрэг өндөр хөгжилтэй орнуудад  энэ зүйлс тохиолдсон билээ.  Дэлхий даяар эмнэлгийн ор, нийлүүлэлт өвчтэй хүмүүсийг эмчлэхэд хангалтгүй байгаа нь мэргэжилтнүүдийн санааг хамгийн их зовоож байна. Хятадад анх вирусын тархалт эхлэхэд шуурхай арга хэмжээ авч эхэлсэн өмнөд Солонгос, Япон, Монгол зэрэг цөөхөн орнууд халдварыг тодорхой түвшинд барьсаар байгаа. Гэхдээ тайвшрах болоогүй. Халдвар бүх оронд экспоненциал хурдаар тархаж байгааг бодогтун. Бусад орнуудад тархах нь магадгүй цаг хугацааны л асуудал байх өндөр магадлалтай. Яг одоо Америкт буюу Нъю Иорк хотод тун хүнд байдалтай байгаа ба шинэ төрлийн корона вирусын халдвартай хүмүүсийг хэвтүүлж эмчлэхийн тулд бусад өвчний тасгуудын орыг шилжүүлж бусад хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжыг хумьсаар байгаа юм. Цаашдаа бид эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын эмч, ажилтнуудыг илүү хамгаалж тэднийг хамгаалалтын хувцас хэрэгслээр тасралтгүй хангах нь тэргүүний зорилт болоод байгаа хэдий ч харамсалтай нь эмнэлгийн хэрэгсэл буюу тоног төхөөрөмжүүд буюу маск, хувцас хэрэгсэл, амьсгалын аппарат г.м хангамжийн эрэлт дэлхий даяар хэт ихэссэнээс шалтгаалан дутагдалд орж болзошгүй байна.  

МАССЫГ ХАМАРСАН ХӨЛ ХОРИОНЫ НӨЛӨӨЛӨЛ , СЭТГЭЛ ЗҮЙ, ГЕОПОЛИТИК

Энэхүү нөлөөлөл хүмүүсийн өдөр тутмын амьдралыг өөрчлөөд зогсохгүй одоогийн байгаа геополитик, улс төр, эдийн засгийн системд ихээхэн нөлөөлөх төлөвтэй боллоо.

 

Австрали улс. Гэртээ карантинд байгаа банкны ажилтан. 2020.04.06

Мөн ард иргэдийн зан төлөв, хүмүүсийн сэтгэл зүйд бас нөлөөллөө тусгаад буй. Мөн энэ үеэр нийгмийн сэтгэл зүйг мөн зөв удирдахгүй бол хүмүүсийн дунд арьс өнгөний үзэл, вирустэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэл өсч, хэт цочролд орсон ухамсаргүй хүмүүс нийгмийн сүлжээгээр дамжуулан шүүмжлэл, үзэл бодлын ширүүхэн тулаанд морджээ. Биотерроризм болон хэн нэгэн энэ аюулыг санаатайгаар тараасан мэт үзэл баримтлалыг түгээгчид бас хаа сайгүй болжээ. 2015 онд ТЕД дээр Билл Гейтсийн болзошгүй халдварт өвчин аюулын тухай ярьсан яриа нь коронавирусын зургаас эхлүүлээд хадварлагдах хүмүүсийн тоо зэрэг мэдээллүүд нь одоогийн нөхцөл байдалтай гайхалтай таарч байгаа учраас дээрхи таамаглалыг үнэн гэдгийг батлах мэт тэдний гэр бүлийн хэрэгжүүлдэг Билл энд Мелинда Гейтс сангийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг халдварт өвчин судлалын томоохон төвүүд вакцинаар дамжуулан дэлхийн хүмүүсийг хянах системийг хүн бүрт суулгах ажлаа эхэлж байна гэж хардах хүмүүс ч их болжээ.  Судлаач  биш хүмүүст энэ нь далдыг хардаг ямар нэгэн онцгой чадвар мэт санагдаж магадгүй л юм. Дэлхий даяар сая сая судлаачид ирээдүйн технологи, болзошгүй эрсдэл, хотжилт, тархи болон өвчлөл судлал г.м маш олон чиглэлээр судалгаа, туршилтууд хийж олон мэдээллийг солилцож байдаг. Гол учир нь хүмүүс судлаачид, эрдэмтдийн үгийг бага сонсож, тэдний хийж буй ажлын үнэт зүйл, мөн чанарт ач холбогдол бараг өгдөггүй байсанд оршино.  

 

Франц улс Парис хот. Дэлхийн хамгийн хүчтэй эдийн засагтай 7 орны уулзалт. 2019.6.9

Агуу том гүрнүүд гэж нэрлэгдэх G20, G7 бүлгийн орнууд асар хүчтэй эдийн засаг, өндөр хөгжсөн батлах хамгаалах систем, зэвсэглэл, эрүүл мэндийн системтэй байсан ч бичил вирусын өмнө тугаа өргөж барьц алдахыг дэлхий нийтээрээ харж байна. Глобалчлал зөв үү гэдэгт улс орнуудын хувьд хил хязгаар илүү чухал уу гэдэг асуулт зүй ёсоор төрж тоглоомын дүрмийг өөрчлөх их өөрчлөлтийн өмнө тулж иржээ. Цар тахлын үе дөнгөж эхэлж буй үедээ байгаа энэ үед бүх зүйлийг таамаглах хэцүү байгаа ч хоёр зүйл тодорхой болоод байгаа тухай мэргэжилтнүүд дурдаж байна. Нэгдүгээрт глобал түвшний эрүүл мэндийн салбарын сул дорой байдал. Энэ салбарт цаашдаа судалгаа шинжилгээ, хөгжил, ард иргэддээ хүрч үйлчлэх салбарт хөрөнгө оруулалт хийж хөгжүүлэх нь нэн чухал болжээ. Хоёрдугаарт Хятад, Ази, Европ, Америк тивүүдийн хооронд хүчний тэнцвэрийг хадгалах. Хуучин ертөнцийн од орон болох Америкийн амиа бодсон, хэт мэдрэмтгий, утга учиргүй, алсын хараагүй байдал нь ихээхэн шүүмжлэлийг дагуулж байгаа ба цаашдын шинэ ертөнцөд дуу хоолой, хүч нь сулрах нь дамжиггүй болжээ.   

ТЭГВЭЛ МАССЫГ ХАМАРСАН ХӨЛ ХОРИО ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ ?

Үүсээд буй хямралаас хохирол багатай гарахад туслах зорилгоор Дэлхийн банк 12 тэрбум долларыг хөгжиж буй орнуудад хуваарилж байгаа бол Олон улсын Валютын сан 50 тэрбум долларыг вирустэй тэмцэж буй орнууд ялангуяа ядуу орнуудад хүүгүйгээр олгохоо зарлаад байна. 

 

Японы ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн сард 19.6 тэрбум доллар буюу 2 триллион иенийг вирусын нөлөөллөс эдийн засгаа хамгаалахад зарцуулах нь . Үүнээс 430 тэрбум иенийг эрүүл мэндийн салбарынханд болон сургуулиуд хаагдсанаас болж бизнест нь эрсдэл үүсээд буй компаниудад тусламж хэлбэрээр өгч байна. Мөн 500 тэрбум иенийг компаниуддаа бага хүүтэй зээл хэлбэрээр өгсөн.  Өмнөд Солонгос 11.7 триллион вон буюу 9.7 тэрбум долларын тусгай төсөв баталсан бол Австрали 11.4 тэрбум долларыг эдийн засагтаа цутгахаа зарласнаас 1.3 тэрбумыг засгийн газрын тэтгэмж тусламжаар амьдардаг болон бага орлоготой өрхүүдэд нэг удаагийн тусламж болгон бэлнээр олгож байгаа юм. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчид энэ тусламжаас хувь хүртээд буй.  Америк хоёр ч удаа эдийн засгаа хамгаалах багц хөтөлбөр конгрессоороо баталсан ч дахин санхүүжилтийг бонд гаргах замаар шийдэх гарцыг хайж байна. Харамсалтай нь бүх цаг үеийн хамгийн найдвартай засгийн газрын бондоор нэрлэгдэж байсан Америкийн засгийн газрын бондын нэр хүнд эрсдэлтэй байдалтай байгаа билээ. 

Хэдийгээр бяртай, чадалтай эдийн засагтай томоохон гүрнүүд эдийн засгаа аврахаар том хөдөлж байгаа ч вирусын халдварыг тун хурдтай хязгаарлаж чадахгүй бол дахин дахин энэхүү бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай болно. Мөн хөгжиж буй орнууд хямралд хамгийн их өртөх магадлалтай байгааг мартаж болохгүй.

Хямралд хамгийн их өртөж байгаа эхний салбар бол аялал жуулчлал. Дэлхий даяар хов хоосон болсон онгоцны буудлууд, хэзээ хийгдэхийг мэдэхгүй дараагийн нислэгээ хүлээн байгаа хоосон онгоцнууд, өдөр ирэх тусам хувьцааны үнэ нь унасаар буй зочид буудлууд. Өнөөдрийн байдлаар дэлхийн 200 гаруй орны аялал жуулчлалын салбарын томоохон компаниудын 250 гаруй СЕО ажлаа өгөөд байгаа ба 350.00 гаруй хүний ажлын байр маш бүрхэг байна. Цаашдаа энэ салбар өөр хэв загвартай болох шаардагатай нь нэгэнт тодорхой болжээ.

 

Сингапур улс. Хоосон болсон дэлхийн хамгийн шилдэг Чанги онгоцны буудал.  2020.03.19

Олон нийтийг хамарч үйлчилгээгээ хүргэдэг энтертайнмент төвүүд, кино театрууд, хүүхдийн паркууд,  спортын арга хэмжээний эвентүүд, стадионууд бизнесийн загвараа өөрчлөх үү ? алдагдлаа хүлээж хэзээ дампуурах аа хүлээх үү ?  шаардлагын өмнө тулж иржээ. 

Харин хүмүүсийн өдөр тутмын байнгын хэрэгцээг хангадаг хүнсний дэлгүүр, эмийн сан,  супермаркетууд, конвенинс дэлгүүрүүдийн бизнес зайлшгүй шаардлагатай бизнесийн жагсаалтанд байгаа тул цаашдаа бизнесээ үргэлжлүүлэх болно. Хүргэлтийн үйлчилгээ өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болох нь.  Ялангуяа олон хүнтэй газраар явахгүй байх нь өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах үр дүнтэй арга учраас жижиг конвенинс дэлгүүрээр үйлчлүүлэх нь эрсдэл багатай. Дэлхий даяараа хүнсний болон бусад үйлчилгээг хүргэхийн тул ханган нийлүүлэлтийн асар том сүлжээ аварга мотор лугаа ажиллах шаардлагатай. Айл өрх, байгууллага, улс орон  бүр болзошгүй дараагийн эрсдлийг тооцоолох  тул нөөцийн агуулахууд эрэлттэй байх төлөвтэй. Хямралын үеэр олон компаниуд маш бага зардлаар цомхон хүний нөөцтэйгээр ажиллах стартегиэр ажиллаж энэ нь тодорхой үр дүнд хүрсэн тул цаашдаа ажлын байрны эрэлтийг багасгаж хүнийг орлох технологийн гарц шийдэл, зардал багатай хувилбаруудыг эрэлхийлэх нь. Массыг хамарсан энэ их ажилгүйдлийн түвшин , орлогын алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрч банк, санхүүгийн салбар өр зээлийн эргэн төлөлтийн эрсдлээс ихээхэн хохирол хүлээх эрсдэлтэй .

 

АНУ.  Wall Street дахь санхүүгийн зах зээл. Хөрөнгийн бирж. 2020.04.01

Өнгөрсөн 7 хоногт Нъю Иорк дахь хөрөнгийн бирж дээр DOW JONES индекс 4.5% р хаагдсан нь 2008 оноос хойш түүхэн муу долоо хоног болжээ.  Төв банкууд мөнгөний хамгийн зөөлөн бодлого руу шилжиж бодлогын хүүгээ бууруулсаар байна. Ажлын байрыг авч үлдэхийн тулд улс орнууд ихээхэн мөнгийг зах зээлд цутгаж байна. Эдийн засгаа хир хохирол багатай авч үлдэх нь засгийн газрууд энэ халдварын эсрэг хир хурдан арга хэмжээ авснаас шууд хамаарч буй.

Вирусын ачаар хэт материаллаг хэрэгцээ,  мөнгөнд суурилсан хангалуун амьдралын мөрөөдөл, нийлүүлэлтээс давсан эрэлт, орлогоосоо давсан зардал, хэрэглээний өндөр зээлүүд, машин, гар утас зэрэг зайлшгүй шаардлагатай бус өндөр зардал , бэлэнчлэх сэтгэлгээнд суурилсан бидний амьдрал өөрчлөгдөх хэрэгтэйг ухааруулж өгсөн нь  сайн хэрэг билээ.  Улс төрчид энэ бүхнийг өөгшүүлж популист амлалтаар ард иргэдийн тархийг угааж эрх мэдлээ хэрэгжүүлэх арга зам болгон ашиглаж ирсэн нь хөөрхийлөлттэй.

Хямралын үеэр боломжыг хайж байдаг хөрөнгө оруулагчид энэ үеэс ашиг хонжоо олох бас боломж бий. Томоохон корпорациуд хүчээ нэгтгэж хамтарснаар дэлхийг хэрсэн томоохон дэлхийн корпораци үүсч магадгүй байгаа юм.  Нэгдэх хамтрах нь энэ үеийг бүгд хамтдаа даван туулахад хамгийн үр дүнтэй стратеги байх магадлалтай.  Хэрэв вирусын тархалт үргэлжилсээр байвал эдийн засгийг ийм удаан хөл хорионд карантинд байлгах боломжгүй тул хамгаалалтын хувцас хэрэглэл бүтээх нь илүү хурдан шийдэл байж болох тухай судлаачид дурдаж ажилласаар байна. Тэгвэл 8 сар гэхэд нано материалаар хийгдсэн болон халдвараас хамгаалсан иж бүрэн хувцастай хүмүүс гудамжаар явж эхлэхэд гайхах зүйлгүй.

ЭНЭ БҮХ АРГА ХЭМЖЭЭ МОНГОЛЧУУДАД , МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ ?      

Олон улсын валютын сангийн тооцооллоор энэ жилийн хувьд Монголын эдийн засгийн өсөлт 0 % байхаар байгаа юм. COVID 19 вирусын нөлөөллөөс шалтгаалан Монголын экспортын орлого 2020 оны 4 сарын байдлаар 560 сая доллараар импорт 150 сая доллараар тасраад байна.

Монголын Засгийн Газар гурван шийдлийг хэрэгжүүлэхээр зарлаад буй.  Хувь хүмүүс болон байгууллагуудад зориулсан 20 тэрбум төгрөгийн эдийн засгийн багцыг хэрэгжүүлж байгаа ба Үүний 4.2 тэрбумыг Азийн Хөгжлийн Банкнаас , 6 тэрбумыг Дэлхийн банкнаас, Солонгосын засгийн газраас 4.5 тэрбум, бусад байгууллагуудаас 6 тэрбум төгрөгийг авч байгаа юм. Нэмэлтээр 200 тэрбум төгрөгийг мөн нэмэлт санхүүжилтээр босгож байгаа ба Азийн хөгжлийн Банкнаас 81.9 тэрбум, 74.4 тэрбум төгрөгийг Дэлхийн банкнаас авахаар яриа хэлэлцээрийн түвшинд явж байна.

526,000 аж ахуйн нэгжүүд болон хүмүүст 4 сарын 1 с 10 сарын 1 хүртэл орлогын албан татварыг тэглээд байгаа бол мөн 3 сарын хугацаанд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс үйл ажиллагааг нь түр зогсоогоод буй аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалсан тохиолдолд сар бүрийн 200,000 төгрөгний санхүүгийн тусламж үзүүлэх юм. НӨАТ ын буцаалтыг 4 сард буцаан олгох ба , Таван Толгой  компани 8.1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг 292,000  хүнд 4 сард олгоно.

 

Улаанбаатар хот.  Гэр хороолол. 2019.07.03

1.5 тэрбум с доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас чөлөөлөхөөр болсон нь нийт аж ахуйн нэгжүүдийн 96% буюу 105,000 болж байна.

Монголын нийт аж ахуйн нэгжүүдийн 4% нь л жилийн 1.5 тэрбумаас дээш борлуулалттай ажиллаж нийт татварын орлогын 70 гаруй хувийг бүрдүүлдэг.  Улс орон гэдэг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж байдаг тогтолцоотой.  Гэтэл Монголчууд маань хамгийн их татвар төлдөг томоохон аж ахуйн нэгжүүдийгээ дэмжиж сайшаах бус муулж үгүйсгэж байдаг. Тэд эдийн засгаа мөрөн дээрээ авч явж байгааг бодууштай.   Мөн Засгийн газар Олон Улсын Валютын Сангаас 30 с 40 жилийн хугацаатай бага хүүтэй зээл авахаар яригдаж байгаа ба Азийн Хөгжлийн Банк 60 сая доллар, Европын Холбоо 47.1 сая долларын тусламж үзүүлэхэээ мэдэгдээд байгаа бол Азийн Хөгжлийн банк 200 сая долларын нэмэлт зээлийг олгохоор болжээ. Засгийн газар бусад эх үүсвэрүүдээс 100 сая доллар зээлэхээр ажиллаж байна.  Нийт эдийн засгийг идэвхижүүлэх энэхүү багц арга хэмжээг хэрэгжүүлэхэд Олон Улсын Валютын сангаас 5.1 их наяд төгрөгийг зарцуулах бол үүнээс 3.1 их наяд нь засгийн газрын төсдийн зарлагыг л санхүүжүүлэхэд зарцуулагдаж буй юм.   

 

Монгол улсын маань төсөв сүүлийн  жилүүдийн турш байнга алдагдалтай явж ирсэн ба үүнийгээ гадны зээл тусламжаар нөхөж явсаар л . Тэгвэл ийм эмзэг эдийн засагтай улс орон маань энэ вирусын хямралд хэрхэн бэлдэх вэ?  Технологийн хөгжил дэвшилийг ашиглаж, эх орондоо баялаг бүтээж хил хязгааргүй экспортолж болох бүтээгдэхүүн үйлчилгээг гаргах талаар бүгд ажиллах шаардлагатай байна.  Халдвараас сэргийлэхээр эртнээс ажиллаж эхэлсэн учраас тодорхой түвшинд эрсдлийг барьсаар байгаа бидний цөөхөн Монголчууд энэхүү үеийг боломж болгож ашиглах талаар ухаан бодлоо уралдуулах хэрэгтэй байна. Органик хүнсний үйлдвэрлэл, технологийн хил хязгааргүй боломжыг ашиглан олон мянган инженерүүдийг бэлтгэж мэдлэгийг нь экспортлох, supply chain  буюу ханган нийлүүлэлтийн дэлхийн томоохон сүлжээнд нэгдэх, онлайн шинэ бизнесийн модулийг бизнесүүддээ ашиглах г.м олон боломжууд бий.  Үл хөдлөх хөрөнгийн салбарт олон боломжууд хямралын үеэр нээгддэг нь жам. Учир нь хямралын үеэр үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч худалдан авалтын нөхцлүүд тааламжтай болдог ба энэ үеэр бэлэн мөнгөтэй хүмүүс томоохон боломжуудыг олж авна. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарын мэргэжилтнүүд хэзээ хэзээнээс илүү үнэ цэнэтэй болох өндөр магадлалтай. Учир нь энэ салбарынханд мэргэжилтнүүдийн зөвлөлгөө тусламж шаардлагатай болж эхэлдэг.    Эцэст нь дурдахад нийт хүн амын 3 ны 2 нь гэр хороололд амьдардаг, эмнэлгийн тусламж үйлчилгээ тун тааруу, ариутгал цэвэрлэгээ хангалттай бус хөрсний болон агаарын бохирдол ихтэй манай улсад халдвар маш  хурдтай тархах эрсдэлтэй. Тайвшрах цаг болоогүй тул маскаа зүүж, эрүүл мэндийн ажилтнуудын зөвлөлгөөг хатуу мөрдөж,  шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраас явахгүй байх нь таныг болон хайртай хүмүүсийг тань эрсдлээс хамгаалах хамгийн чухал арга юм шүү. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.