Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын эзэн хаан 20 татвар эмийн хамт Германы тансаг зочид буудалд бүгжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Тайландын эзэн хаан Маха Важиралонкорн цар тахлын энэ үед Германы Бавари мужид Альпийн уулсын дунд орших дөрвөн одтой зочид буудлыг бүхлээр нь түрээслэн өөрийгөө тусгаарлажээ.

Ингэхдээ тэр ордныхоо 20 татвар эмийг дагуулж явсан гэнэ. Тэдний дотор хааны хатан байгаа эсэх нь мэдэгдээгүй байна. Тайланд улсын засгийн газар коронавирусийн тахлыг хязгаарлах зорилгоор гуравдугаар сарын 26-наас эхлэн нэг сарын хугацаатай хөл хорионы дэглэм зарласан юм.

Энэ улсад эзэн хааныг доромжлох, муу хэлэх хуулиар хориотой байдаг ч сошиал орчинд хүнд үед эх орноо орхин харийн улсыг зорьсон Маха Важиралонкорныг шүүмжлэх явдал нэмэгджээ.

Тайландын эзэн хаан нийтдээ дөрвөн эмэгтэйтэй гэрлэж, тэдгээрийн гурваас нь төрсөн долоон хүүхдийн эцэг болж байсан гэдэг.

 

67 настай Важиралонкорн 2016 онд нас барсан эцгийгээ залгамжилж, Тайландын эзэн хааны ширээнд заларсан юм. Германд боловсрол эзэмшиж, амьдралынхаа багагүй хугацааг энэ улсад өнгөрүүлсэн тэрээр этгээд сонин ааш зантайгаараа алдартай.

Важиралонкорн хоёрдугаар сараас хойш Тайландын олон нийтэд харагдаагүй юм байна. Өнөөдрийн байдлаар Тайландад шинэ коронавирусийн халдварын 2,220 тохиолдол бүртгэгдэж, 26 өвчтөн нас бараад байгаа.

Эзэн хааны түрээсэлж байгаа “Grand Hotel Sonnenbichl” зочид буудал нь Мюнхен хотоос өмнө зүгт нэг цаг машинаар зорчиж хүрэх зайд байрладаг.

Герман улсад цар тахлын улмаас зочид буудлуудын үйл ажиллагааг хориглоод байгаа ч тус буудлын эзэд Тайландын хаанд зориулан орон нутгийн захиргаанаасаа тусгай эрх авсан гэнэ.

1890 онд байгуулагдсан “Grand Hotel Sonnenbichl” зочид буудлыг дэлхийн хоёрдугаар дайны үед Нацистууд эмнэлэг болгон ашиглаж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider