Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чулуунтамир: Ахуйн хүрээнд архидсаны улмаас онц хүнд гэмт хэргүүд үйлдэгдэж байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

2020 оны эхний улирлын статистик гарч, нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 19.2 хувиар буурчээ.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хязгаарлалт тогтоосон нь гэмт хэрэг буурахад нөлөөлсөн эсэх талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамиртай ярилцлаа.

- Ямар төрлийн гэмт хэргүүд буурсан нь нийт гэмт хэргийн тоо буурахад зонхилон нөлөөлсөн талаар яриагаа эхэлье?

- Нийслэлийн хэмжээнд 21 хувь, орон нутгийн хэмжээнд 14 хувиар улсын дунджаар гэмт хэрэг 19.2 хувиар буурсан дүнтэй байна. Хамгийн их буурсан гэмт хэргийн төрлүүдийг дурдвал,

  • Хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 15.6 хувиар
  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг/хулгайлах, дээрэмдэх, залилах, малын хулгай гэх мэт/ 16.5 хувиар /Үүн дотроо хулгайлах гэмт хэрэг 18 хувиар, халаасны хулгай 41 хувиар буурсан/
  • Зам тээврийн осол аваарын гэмт хэрэг 29.6 хувиар буурсан байна.

Энэ гурван төрлийн гэмт хэрэг буурсан нь нийт гэмт хэргийнхээ бууралтад нөлөөллөө.

- Нийт гэмт хэргийн дийлэнхийг эзэлдэг төрлийн хэргүүд буурсан харагдаж байна?

- Монгол Улсад түгээмэл үйлдэгддэг дөрвөн төрлийн гэмт хэрэг байдаг. Хулгайлах, бусдын эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, залилан мэхлэх, замын хөдөлгөөний гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн 80 хувийг эзэлдэг.

Энэ оны эхний улиралд дээрх дөрвөн төрлийн гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд хамгийн их буурсан нь зам тээврийн осол. Энд онцлоод хэлэхэд сүүлийн хоёр жилд 70 орчим хувиар огцом өсөөд байсан мал хулгайлах гэмт хэрэгт энэ оны эхний улиралд анх удаа 3.2 хувиар буурсан. Энэ нь Эрүүгийн хуульд өөрчлөлт орж, хохирлын хэмжээг хамаарахгүйгээр мал хулгайлах гэмт хэрэгт хорих ял ногдуулах болсонтой холбоотой. Махны үнэ өсөхөд малын хулгай нэмэгддэг хандлага байдаг. Тэгвэл энэ оны хувьд өнгөрсөн оны мөн үеэс махны үнэ өндөр байгаа ч гэмт хэрэг буурч байгаа нь эрүүгийн хариуцлага чангарсантай холбоотой гэж харж байна.

Гэмт хэргийн илрүүлэлт мөн өмнөх оны мөн үеэс 11 хувиар өссөн дүнтэй байна.

- Өссөн гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өгвөл?

- Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 73 хувиар өссөн. Энэ нь Экологийн цагдаагийн алба байгуулагдсантай холбоотой. Энэ алба байгаль орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх чиглэлд эрчимтэй ажиллаж эхэлсэн учраас энэ тоо огцом өслөө. Түүнээс биш энэ жилээс л гэнэт газар ухаад, ашигт малтмал хайгаад эхэлж байгаа юм биш.

Кинон дээр гардаг шиг түлхүүр тааруулаад, хоёр утас холбоод машин хулгайлдаггүй.

Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг мөн өссөн дүнтэй байна. Энэ нь тээврийн хэрэгслийн тоо өссөнтэй холбоотой. Мөн тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн хайхрамжгүй үйлдлээс үүдэж байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч түлхүүрээ машиндаа үлдээгээд явах, зогсоол, гараашийн харуулд түлхүүрээ үлдээх зэргээс үүдэн хулгайд алддаг. Кинон дээр гардаг шиг түлхүүр тааруулаад, хоёр утас холбоод машин хулгайлдаггүй. Бас хулгайлсан машинаа будаад, өөрчлөөд зарна гэж байхгүй. Ерөнхийдөө хулгайлсан машинаа унаж явж байгаад бензин тос нь дуусахаар энд, тэнд хаячихдаг тохиолдол түгээмэл гарч байна.

"Хүүхдүүд гэртээ байгаа учраас орон байрны хулгай буурсан"

- Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зарим төрлийн хязгаарлалт тогтоосон нь гэмт хэргийн өсөлт, бууралтад нөлөөлж байгаа юу?

- Гэмт хэрийг өсөлт, бууралтад нөлөөлдөг хоёр үндсэн хүчин зүйл байна. Мэдээж хэрэг зарим хязгаарлалт тухайлбал, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг түр хугацаагаар хаах, худалдаалахтай холбоотой хязгаарлалтууд, мөн хүүхдүүд гэртээ байгаа учраас тухайн айл байнга эзэнтэй байгаа нь, замын хөдөлгөөний ачаалал бага байгаа зэрэг нь гэмт хэрэг буурахад нөлөөлж байна. Айлууд эзэнтэй байгаа учраас орон байрны хулгай буурч, хөдөө орон нутгийн замыг тодорхой хугацаагаар хаасан нь ослын тоог бууруулсан.

Үүний хажуугаар цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа аян, арга хэмжээнүүд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байна. Мэдээж хэрэг эргүүл хийх, мэдэгдэл шаардлага хүргүүлэх, гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдтэй нэг бүрчлэн уулзах, гэмт хэргийн талаар мэдээллийг төлбөртэйгөөр авах гэх мэт ажлууд хийгдэж байгаа нь гэмт хэргийн бууралтад нөлөөлж байгаа.

Мөн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулах, бусдын биеийг үнэлүүлэх зэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсонтой холбоотойгоор эдгээр гэмт хэргүүд буурч байна.

- Хотын дарга захирамж гаргаж найман нэрийн дэлгүүрүүдийг 22:00 цагт хаахаар боллоо. Энэ нь ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа тул түүнээс урьдчилан сэргийлэх зорилготой хэмээн мэдэгдсэн. Хязгаарлалт тогтоосон хугацаанд ахуйн хүрээний архидалт өссөн үү?

- Статистик харвал ахуйн хүрээний архидалт өсөөд сүйд болсон юм байхгүй. 22:00 цагт дэлгүүр хаах болсонтой холбоотойгоор гар дээрээс архи, согтууруулах ундаа дамлаж зарах үйлдэл гарах эрсдэлтэй учраас түүнээс сэргийлэх чиглэлд ажиллаад эхэлсэн.

Ахуйн хүрээний архидалт бий болохоор онц ноцтой гэмт хэргүүд гардаг. Бааранд согтуу хүмүүс зодолдож ноцолдоход хамгаалагч салгадаг учраас хөнгөн гэмтэл учраад дуусдаг. Харин ахуйн хүрээнд гэртээ архидсанаас болоод хэд хэдэн ноцтой гэмт хэрэг бүртгэгдлээ. Эгчийгээ архи уулаа гээд толгой руу нь архины шилээр цохиод амь насыг нь хохироох, согтуудаа эцэг эхийгээ хутгалах, гэр бүлээ, өөрийгөө шатаах, бага насны хүүхэд хүчирхийллийн хохирогч болох гэх мэт хэргүүд гарсан. Ахуйн хүрээнд архидсанаар ийм ноцтой хэргүүд гарах эрсдэл байдаг.

Ер нь бол гэртээ архи уух нь гэмт хэрэг биш. Хүүхдийн хажууд архи уувал зөрчил болно. Гэсэн хэдий ч маш аюултай гэмт хэрэг гарах шалтгаан болдог.

"Тусгаарлалтын журам зөрчсөн бол тухайн иргэнийг 500,000 хүртэлх төгрөгөөр торгоно"

- Хязгаарлалтууд тогтоосон байгаа хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байна гэсэн мэдээлэл бас гараад байна. Та энэ талаар статистик мэдээлэл өгөөч?

- Монгол Улсад одоогийн байдлаар яг гэртээ бай, гэрээсээ битгий гар гэдэг шаардлага тавиагүй, хатуу хязгаарлалт тогтоогоогүй байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл энэ хугацаанд өссөн дүн ч ажиглагдаагүй байна.

Харин энэ үед цахим залилан хамгийн их өсөлттэй байгаа. Амны хаалт авахаар гадны улс орнууд руу урьдчилгаа шилжүүлэх, хандив цуглуулж байгаа хэмээн хандсан хүмүүст залилуулах тохиолдол гарсаар байна.

Мөн коронавирусийн талаар мэдээлэл өгье гэсэн байдлаар хандаж, тухайн мэдээллийг авахыг зөвшөөрвөл компьютер дээрх хувийн мэдээлэл, банкны нууц кодыг олж аваад залилах тохиолдол гарч байгаа. Тиймээс цахим халдлагаас сэргийлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Хэзээ ч битгий урьдчилгаа өгөөрэй. 20,000 төгрөг өгөөд амны хаалт захиалдаг. Ингээд амны хаалт нь ирэхгүй болохоор "За яахав 20,000 төгрөг их мөнгө биш" гээд хаячихдаг. Гэтэл бодит байдал дээр залилагч 100 хүнээс 20,000 төгрөг авчхаад явж байгаа.

Зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд худал мэдээлэл тараах, бусдын нэр хүндийг гутаах, доромжлох гэмт хэрэг нэмэгдсээр байна. Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр бусдын нэр хүндийг гутаах, доромжлох  үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болсон.

- Сүүлийн үед тусгаарлалтад байгаа хүмүүсийн асуудал олны анхаарлын төвд байна. Тухайлбал, гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлах ёстой иргэд архидан согтуурч эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн. Энэ тусгаарлалтын журмыг зөрчсөн иргэд ямар хариуцлага хүлээх вэ?

- Тусгаарлалтын журам зөрчсөн бол тухайн иргэнийг 500,000 хүртэлх төгрөгөөр торгоно.

Хэрвээ өвчинтэй байж түүнийгээ зориуд бусдад халдаасан бол Эрүүгийн хуулийн 15.6-д зааснаар 1-5 жил хорих, олон хүнд халдаасан бол 5-8 жил хорих ял шийтгэнэ гэж заасан байгаа.

Өөрийгөө гэртээ 14 хоног тусгаарлаарай гэдэг нь тухайн иргэн өвчтэй байж болзошгүй гэсэн үг. Тиймээс өвчтэй байж таараад халдвар тараавал эрүүгийн хариуцлага хүлээнэ.

- Ярилцсанд баярлалаа.