Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Нас барсан даатгуулагчийнхаа ипотекийн зээлийн өрийн үлдэгдлийг төлөх ёстой ч төлөхгүй байна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Орон сууцны ипотекийн зээлийн даатгал нь даатгуулагчийг хохироож, иргэнийг байргүй болгоход хүргээд буй талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын бодлогын зөвлөлийн гишүүн Г.Хонгор, Баянзүрх дүүргийн иргэн Ц.Билгүүн нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар орон сууцны найман хувийн ипотекийн зээлд 72 мянга, арилжааны банкуудын ипотекийн зээлд 42 мянга буюу нийт 96 мянган иргэн хамрагдсан байдаг.
 
гэрэл зургийг MPA.mn

Мэдээллийн шалтгааныг Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч ​ бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын бодлогын зөвлөлийн гишүүн Г.Хонгор тайлбарлахдаа “2016 оны аравдугаар сарын 18-нд Голомт банктай орон сууцны ипотекийн найман хувийн ЗГ3155105023 тоот зээлийн гэрээ байгуулсан Монгол Улсын иргэн Ч.Гүнсмаа нь тус зээлийн гэрээний “барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах эд хөрөнгийн болон амь насны даатгалд даатгуулах” гэсэн заалтын дагуу Голомт банкнаас сонгож өгсөн гэрээт байгууллага гэх "Мандал Даатгал" ХК-д даатгуулсан байдаг. Ч.Гүнсмаа нь 2018 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр ажлын байран дээрээ гэнэт ухаан алдаж улмаар тархины цус харвалт гэсэн оноштойгоор нас барсан.

Нас барсан зээлдэгч /даатгуулагч/-ийн төрсөн хүү Ц.Билгүүн нь хэдийгээр зээлийн гэрээний хамтран зээлдэгч биш мөртлөө Голомт банкны шаардлагаар 2018 оны арваннэгдүгээр сараас эхлэн сар бүр ипотекийн зээлийн төлбөр 825,000 төгрөгийг төлж ирсэн.

Хуулийн дагуу нас барсан даатгуулагчийн ипотекийн зээлийн өрийн үлдэгдлийг амь насны даатгалын гэрээний дагуу Голомт банканд "Мандал даатгал" ХК төлөх ёстой байхад үүргээ биелүүлэхгүй татгалзсан байна.

Хүү Билгүүн нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад даатгагч төлөх ёстой гэсэн албан бичиг хүргүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй. Цаашлаад шүүхэд хандаад иргэний хэргийн анхан болон  давж заалдах шатны шүүхийн шийдвэр тогтоол нь "Мандал даатгал" ХК-д даатгалын төлбөрийг гэрээний дагуу төлөх ёстой гэж шийдвэрлэсэн байхад хүртэл бас л үүргээ биелүүлээгүй.

Энэ иргэн маань бүтэн хоёр жилийн хугацаанд тэмцэж сүүлдээ хүч нь барагдлаа гээд  дүүргийнхээ хурлын төлөөлөгч нь болох надад хандсан. Би өөрөө даатгалын мэргэжлийн хүн тул судлаад үзтэл үнэхээр манай компаниуд даатгуулагчийнхаа эрх ашгийг уландаа гишгэсэн, хохироосон, гэрээг өөрсдөө боловсруулчихаад үүргээ биелүүлдэггүй байдалтай байна” хэмээв. 

"Хоёр шатны шүүхээр яваад би хоёуланд нь ялсан бөгөөд нэгэнт ойлгомжтой болсон юмыг ингэж удаагаад байгааг ойлгохгүй байна"
 
гэрэл зургийг MPA.mn

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ц.Билгүүн “Ээж маань нас бараад даатгалын талаар эхнэртэйгээ ярилцаад даатгалын компани руу нь очиж уулзсан. Ээж хамтран зээлдэгчгүй. Судлаад үзтэл даатгалын газар анх хийгдсэн гэрээ нь гарын үсэгтэй,сүүлд хийгдсэн гэх гэрээ нь гарын үсэггүй мөртлөө данснаас мөнгийг нь авчихсан байсан. Тэгээд Голомт банканд хандтал ийм л даатгал хийгдсэн байна СЗХ-нд хандаарай гэснийх нь дагуу хоёр ч удаа хандахад миний талд шийдвэр нь гараад "Мандал даатгал"-ыг нөхөн төлбөрийг нь барагдуулж өг гэсэн өгөөгүй. Түрүүн хэлсэнчлэн хоёр шатны шүүхээр яваад би хоёуланд нь ялсан. Одоо "Мандалт даатгал" ХК дээд шатны шүүх дээр миний эсрэг гомдол гаргачихсан явж байгаа.

Нэгэнт ойлгомжтой болсон юмыг ингэж удаагаад байгааг ойлгохгүй байна. Миний бодлоор дээд шатны шүүх дээр 2,000 гаруй хэрэг байгаа хэзээ шийдэгдэхийг мэдэхгүй. Манай ээжид сүүлийн гэрээг нь танилцуулж хэлсэн зүйл байгаагүй. Би ээжтэйгээ хамт амьдардаг, нэг газар ажилладаг байсан болохоор сайн мэднэ.

Одоогийн байдлаар би байрандаа амьдарч байна. Банкнаас зээлээ төлөөгүй бол 180 хоног болохоор албадангаар байрыг нь авна гэдэг. Би арваннэгдүгээр сараас хойш төлөөгүй байгаа болохоор хоног нь дуусах дөхөж байгаа” гэлээ.

 Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор“Тус даатгалын компанийн хэлсэн тайлбар нь ердийн өвчнөөр нас барсан байна гэх тайлбарыг хэлж байна гэнэ.

Үндсэн даатгуулагчийн эрх ашиг өнөөдрийг хүртэл хохирсон хэвээр байгаа тул зохих түвшний арга хэмжээг авах ёстой гэж үзэж байна. Хүү Билгүүн нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг байраа хураалгахад хүрчихсэн байна. Өнөөдөр мэдэгдэж хөөцөлдөж байгаа нь Билгүүн боловч хохирч байгаа маш олон хүн бий. 

Зээл авсан иргэн даатгалын компаниа өөрөө сонгох эрх хуулиар олгогдсон байдаг. Гэтэл Голомт банк эрхэнд нь халдаж "Мандал даатгал"-ыг тулгасан байгаа юм. Найман хувийн зээлд хамрагдаж буй хүнд ямар цаас л байна бүгд дээр нь гарын үсгээ зураад л  явна шүү дээ. Энэ бол санхүүгийн хуйвалдааны шинж. Энэ залуу бараг бүтэн нэг жилийн зээл төлөөд, дээрээс нь зээлийн үлдэгдэл болох 45 сая төгрөгийг авч чадаагүй. Даатгалын компани тэр 45 саяыг нь банканд нь өгөөд хүүд нь байрыг нь шилжүүлээд явах ёстой” гэлээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.