Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Төсөвт тодотгол хийж, ААН-үүдийн орлогын албан татвар төлөлтийг IV улирал хүртэл хойшлуулах санал гаргалаа

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN
 
гэрэл зургийг MPA.mn

COVID-19 өвчний тархалтын үед эдийн засгийн хүндрэлээс сэргийлэх, бизнесийн идэвхжлийг сэргээх, ажлын байрыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний санал гаргасан талаар Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын ноос ноолуурын холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.   

Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусийн халдварын улмаас Монголын нийт аж ахуйн нэгж НЭГ САЯ орчим ажлын байраа хадгалж үлдэхэд хүндрэл үүсэж, ядуурал 50 хувьд хүрэх магадлалтай болжээ. Эрүүл мэндийн салбарын асуудал энэ цаг үед чухал хэдий ч нөгөө талд бизнес, эдийн засгийн асуудал эн зэрэгцэхүйц чухал асуудал гэдгийг Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ мэдээллийн эхэнд онцлов.

 
гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр “Эрүүл мэндийн салбар, Улсын Онцгой комисс хүн амаа халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох цогц арга хэмжээг сайн авч байна. Гэхдээ эдийн засгийн өсөлт огцом саарч, зах зээл дээрх идэвхжил буурч, бизнесийн үйл ажиллагаа үндсэндээ зогсон, хямрал бодитоор нүүрлэж байгаа энэ үед Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ дутмаг байна. Иймд тэг зогсолтод орсон аж ахуйн нэгжүүддээ тухайн сард олж болох байсан орлогынх нь тодорхой хувийг олгохоос эхлээд одоо ажиллаж буй ААН, байгууллагуудаас ажилчдынхаа НДШ-ийг төлж чадахгүй газрууд гарч буй тул санхүүжилт гарган, тодорхой хувийг нь төлөх эсвэл тодорхой хугацаагаар хойшлуулах зэрэг бодит дэмжлэг болохуйц арга хэмжээ авах шаардлагатай байна" гээд 

Улаанбаатар хотын худалдааны танхим Монгол Улсын ДНБ-ий дийлэнх хувийг үйлдвэрлэгч хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих замаар эдийн засгийн хүндрэлээс зайлсхийхэд туслах хэд хэдэн саналыг гаргаж байгаагаа хэллээ.

Саналын тухайд,

  1. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгүүлж, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх
  2. Улсын төсвөөс 1.5 их наяд төгрөгийн “Төсвийн багц” гарган, энэ хөрөнгөөр дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх

    а. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий олон нийтэд тараах ногдол ашгийг яаралтай тарааж эхлэх. Засгийн газрын эзэмшиж буй хувьцаанд ногдох ногдол ашиг болох 850 орчим тэрбум төгрөгийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ажилчдын цалин өгөхөд нь зориулж нөхөн олговор эсвэл татаас болгон олгох.  

    б. “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль”-ийн 2-р хавсралтаар батлагдсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д тусгагдсан, 2020 онд эхлүүлэх шинэ барилга, их засварын ажлын нийт өртгийн 25 орчим хувь буюу 154 орчим тэрбум төгрөгийг дотоодын үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зарцуулах

    в. Монгол Улсын Их хурлын 2008 оны 30-р тогтоолоор батлагдсан бүтээгдэхүүн болон үүнд тусгагдсанаас бусад төрлийн дотоодын бараа бүтээгдэхүүний гурван сарын үйлдвэрлэлийн хэмжээний доод тал нь 50 хувийг Улсын нөөцийн тухай хуулийн 5.1.2 дугаар заалтын зориулалтаар худалдан авахад зориулж 500 тэрбум төгрөгийн багц гарган, хялбаршуулсан журмаар, ил тод худалдан авалт хийх;
     
  3. Дээрх “Төсвийн багц”-ыг гарган хэрэгжүүлэх “Тусгай хороо” байгуулан Ерөнхий сайдаар удирдуулж, хувийн хэвшил, иргэний нийгэм, төрийн тэнцүү тооны гурван талын төлөөлөлтэйгээр санхүүжилтийн шийдвэр гарган ажиллах;
  4. Зээлийн эргэн төлөлтийн хөнгөлөлт үзүүлсэн банк, санхүүгийн байгууллагуудад улсын төсөв дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх, эрсдлийг нь хуваалцах аргуудыг хэрэгжүүлэх шийдвэр гаргах;
  5. Монголын Хөрөнгийн бирж дээр компаниудыг бонд гаргах хялбаршуулсан процессыг бий болгон, компаниудын гаргасан бонд, өрийн бичгийг Засгийн газрын хөрөнгөөр худалдан авах багцыг Монголбанк, Засгийн газар хамтран бий болгох;
  6. Зээлийн батлан даалтын сангийн шалгуурыг багасгаж, ЖДҮ эрхлэгчдэд гаргах батлан даалтын хэмжээг нэмэгдүүлэх
  7.  Шинээр бизнес эрхэлж байгаа старт-ап буюу гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн шалгуурыг хөнгөлөх талаар нэгдсэн шийдэлд хүрч, ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлд хамруулах;
  8.  1991 оноос хойш хуримтлагдаад байгаа эзэн нь тодорхойгүй ногдол ашгийн мөнгөн үлдэгдлийг олон нийтэд нээлттэй зарлаж, эдийн засгийн эргэлтэд оруулах;
  9. Монголбанкнаас банкуудад тавьсан хөрөнгийн зах зээлд оролцох оролцоог хязгаарласан заалт, шаардлагыг багасгах;
  10. Санхүүгийн Зохицуулах Хорооноос даатгалын компаниудад тавьсан хөрөнгийн зах зээлд оролцох хязгаарыг сулруулах;
  11. Монголбанк, Монголын Хөрөнгийн бирж болон хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд, төрийн бусад бүх байгууллагаас тогтоосон үйлчилгээний шимтгэл хураамжийг түр зогсоох;
  12. Сангийн яам, СЗХ, Монголбанк давхар даатгал, хөдөө аж ахуйн даатгал, хадгаламжийн даатгалын компаниудад хөрөнгийн зах зээл дээр нээлттэй ажиллах зөвшөөрлийг олгох;
  13. Төсвийн тодотгол хийж, ААН-үүдийн төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлөлтийг 2020 оны 4-р улирал хүртэл хойшлуулах;
  14. Улсын Онцгой комисс болон төрийн бусад байгууллагын шийдвэрээр зогсоод буй сургалтын байгууллагууд, арга хэмжээ зохион байгуулдаг компаниуд зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь бүрэн зогссон үед гарсан тогтмол зардал, цалин хөлсний зардал зэргийн тодорхой хувийг нөхөн олгох, эсвэл хүүгүй зээл олгох;
  15. 2020 оны дөрөвдүгээр улирал хүртэл аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс бүрэн даах;
  16. Компанийн татвар ногдох орлогоос хасагдах зардалд компанийн үйл ажиллагааны хүрээнд гарсан бүх бодит зардлыг оруулдаг болгох Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16-р зүйлийг хүчингүй болгох;
  17. Иргэдийн цалин хөлс, орлогоос суутгах Хүн амын орлогын албан татварын суутгал, татвар төлөлтийг 2020 оны дөрөвдүгээр улирал хүртэл түр зогсоох" / Эдгээр арга хэмжээг дараах эх үүсвэрүүдээс санхүүжүүлж болно. Үүнд:
  • Орон нутгийн хөгжлийн сан;
  • Ирээдүйн өв сангийн хөрөнгийн тодорхой хувь
  • Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
  • Засгийн газрын нөөц сан
  • Нийгмийн даатгалын сан
  • Нийгмийн халамжийн сан
  • Төсвийн тогтворжуулалтын сан
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
  • Хөдөө аж ахуйг дэмжих сан багтсан байна.

Ийнхүү эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг доголдуулахгүй байх замаар ажлын байрыг хадгалах, эдийн засгийн идэвхжлийг сэргээхийн тулд Монгол Улсын Засгийн газраас цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар, хувийн хэвшил, иргэд, банк санхүүгийн салбарын хамтарсан уулзалт хийж нэгдсэн шийдэлд хүрэхийг санал болгож буй аж.

Энэ цаг үед дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх алтан боломж тохиож байна
 
гэрэл зургийг MPA.mn

Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн ажлын албаны дарга А.Энхцэцэг "Монгол Улс жилд ойролцоогоор  1.2-1.5 их наяд төгрөгийн барааг худалдан авалт хийдэг. Үүний  3-5 хувийг нь л дотоодын үйлдвэрээс худалдан авдаг.

 2019 онд 1.5 их наяд төгрөгийн төсвийн худалдан авалт хийснээс эхний хагас жилд 41.5 тэрбум төгрөгөөр дотоодын үйлдвэрүүдээс худалдан авалт хийсэн.

Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг тендергүйгээр шууд худалдан авах хуулийг хэрэгжүүл. Эрх зүйн орчин дутмагаас болоод төөрдөг байшинд явж байгаа юм шиг л байдаг. /ЖДҮ дэмжих тухай хууль 2019.06.06-нд өөрчлөлт орсон/

Энэ цаг үед дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх алтан боломж тохиож байна. Дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанар стандарт шаардлага хангасан байвал төр худалдан авалт хийх зохицуулалт гаргамаар байна. Бид дээрх саналыг дэмжиж байна.

Дээрээс нь одоо ноолуурын цаг үе ирсэн. Одоо байгаа хүчин чадлаа ашиглаад үйлдвэрлэлүүдээ дэмжээд явах ёстой байтал малчдад ноолуурын үнэ 100 мянгад хүрнэ хадгалж байгаарай гэх мэдээлэл тарааж буй явдал нь  үйлдвэрлэл эрхлэгчдэд хүнд цохилт болж байна. дэмжиж ажиллах ёстой байтал аль аль талд нь ийм хүнд нөхцөл байдал бий болгож болохгүй" гэлээ. 

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, хөдөө аж ахуйн санг яаралтай мөнгөжүүлэх шаардлагатай байна 
 
гэрэл зургийг MPA.mn

Харин Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүн Д.Батдэлгэр "Бид дээрх саналуудыг бүрэн дэмжиж байна. Онцолж хэлэхэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар ажлын байраа хадгалж үлдэхэд үнэхээр хэцүү болж байна. Гайгүй болоод өнгөрчих байх гэж бодтол тус нөхцөл байдал хоёр сар гаруй хугацаатай үргэлжилж сүүлдээ ажилчдаа цомхотгож, халж өрнөөс өрний хооронд явж байна. худалдан авагч нар бэлэн мөнгөгүй болчихсон байна. УИХ-ын ээлжит чуулган яаралтай хуралдаж уг асуудалд яаралтай арга хэмжээ авахыг хүсэж байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, хөдөө аж ахуйн санг яаралтай мөнгөжүүлэх шаардлагатай байна. Зүгээр мөнгө өгөхгүй юм аа гэхэд тодорхой хугацаанд, хөнгөлөлттэй зээл олгож, хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагааг нь дэмжих шаардлагатай. Сан одоо ямар ч мөнгөгүй болчихоод байна" гэв.