Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Багахангай дүүргийн иргэд санал асуулгадаа 100 хувь оролцлоо

ikon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN

SmartUB аппликейшныг татсанаар та Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгад ороцож, амьдарч буй орчиндоо тулгамдсан ямар ажил хийлгэмээр байгаагаа саналаар өгөх боломжтой билээ. Тэгвэл ОНХС-ийн цахим санал асуулга дуусахад 9 хоног үлдээд байгаа бөгөөд санал асуулгад Багахангай дүүрэг иргэдээ 100 хувь ирцтэйгээр хамруулж чадсан анхны дүүрэг болоод байна. Ингээд Багахангай дүүргийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт, өмч хариуцсан мэргэжилтэн Г.Одонбаатартай санал асуулгын талаар ярилцлаа.

 

-Багахангай дүүргийнхээ талаар та товч танилцуулаач?

-Багахангай дүүрэг нь Улаанбаатар хоттой 107 км-ын төмөр зам, 90 км-ын хатуу хучилттай хар замаар холбогддог хотын алслагдсан дүүрэг юм. 2019 оны байдлаар Багахангайд 1,045 өрхийн 3,724 хүн амьдарч байгаа бөгөөд нийт 2 хороотой.

-Орон нутгийн хөгжлийн сан гэж юу вэ, одоо авч буй санал асуулгын цаад ач холбогдол нь юу вэ?

-Орон нутгийн хөгжлийн сангийн гол зорилго бол иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл иргэн та амьдрах орчин нөхцөлдөө тулгамдаж буй асуудлаа шийдүүлэхээр саналаа өгч ОНХС-ийн хөрөнгөөр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой гэсэн үг.

Иргэдийн саналд тулгуурлан ажлууд хийгддэг тул иргэд эдгээр бүтээн байгуулалтууддаа сэтгэл хангалуун мөн ариг гамтай хандах хандлага ажиглагддаг нь үнэхээр сайхан. Багахангай дүүрэгт иргэд идэвхтэйгээр саналаа өгч хийлгэсэн ажлууддаа  өөриймсөг ханддаг нь харагддаг.

-Багахангай дүүргийн 1 дүгээр хороо нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны байдлаар 1026 иргэнийхээ саналыг бүрэн авч, санал асуулгаа амжилттай зохион байгуулж дууссан байна. Энэ туршлагаасаа хуваалцаач?

- Манай дүүрэгт 2018 онд гар утасны SmartUB аппликэйшныг ашиглаж туршилтын санал анх удаа авахад  57 хувийн ирцтэй байлаа.  Харин 2019 онд 100 хувийн санал авч бүх иргэд маань маш идэвхтэй саналаа өгсөн. Энэ жилийн хувьд манай дүүргийн 1-р хороо Нийслэлийн бүх хороодоос хамгийн анх иргэдээ 100 хувь хамруулж ажилласан бол өнөөдрийн байдлаар 2-р хороо маань мөн иргэдээ 100 хувь хамруулаад байна. Ингэснээр манай Багахангай дүүрэг 2020 оны ОНХС-ийн сангийн санал асуулгад иргэдээ 100 хувь хамруулж, санал асуулгаа амжилттай дуусгаад байна.

Манай хороодын хэсгийн ахлагч нар маань иргэдийн бүртгэл мэдээллийн санг маш сайн ашиглаж иргэдтэйгээ уялдаа холбоо сайтай ажилладаг. Мөн иргэд маань ч бас амьдарч буй орчиндоо бүрэн санаа тавьж байгаа нь санал асуулгадаа хэр идэвхтэй оролцож байгаагаас харагдаж байна. 

 

-Багахангай дүүрэгт ОНХС-ийн хөрөнгөөр ямар ажлууд хийгдэж байсан бэ?

- 2016 оноос хойш ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 3 тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын, тохижилтын ажлуудыг Багахангай дүүрэгт хийгээд байна. Онцолбол камержуулалт, хүүхдийн тоглоомын талбай шинээр барих засварлах ажил, 1,2 дугаар хорооны цогцолбор барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандарт шат зэрэг юм. 

-Иргэдээс цахимаар буюу SmartUB аппликэйшнаар санал авахад ямар нэгэн бэрхшээлүүд гарсан уу? Гарсан бол үүнийг хэрхэн шийдсэн бэ? 

- Манай хороодын иргэд болоод хэсгийн ахлагч нар 2018 оноос өнөөг хүртэл SmartUB аппликэйшныг хэрэглэж байна. Нийслэлийн мэдээлэл технилогийн мэргэжилтэн, Дүүргүүдийн ОНХС хариуцсан мэргэжилтэн, хороодийн хэсгийн ахлагч нар тус бүр өөрсдийн гэсэн нэвтрэх эрхтэй тул ямар нэгэн системийн асуудал гарлаа гэхэд хороод нь дүүрэгтээ, дүүрэг нь нийслэлдээ гэх замаар шат шатанд нь түргэн шуурхай шийддэг.

Мөн системийн хөгжүүлэлттэй холбоотой асуудлаар Азийн сан, Нийслэлийн мэдээллийн технологийн газар хамтран ОНХС-ийн мэргэжилтнүүдэд танхимын болоод цахим сургалтуудыг байнга хийдэг учраас хүндрэл бэрхшээлүүд харьцангүй бага байдаг.

-Энэ жил коронавирустай холбоотойгоор хөл хорио тогтоод буй энэ нөхцөлд та бүхэн хэрхэн иргэдэд мэдээллээ өгч ажиллаж байгаа вэ?

- Энэ жилийн хувьд Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу олон нийтийн хурал цуглаан хийлгүйгээр сошиал медиаг түлхүү ашиглан санал асуулгаа авч байна. Дүүргийн болон хэлтэс албадын бүх сайтуудад санал асуулгын талаарх мэдээ мэдээлэл байршуулан ажилласан. Мөн иргэд маань ОНХС-ийн санал асуулга 2020 хуудсыг дагаж хэрэгтэй мэдээллүүдээ тогтмол авах боломжтой. Эцэст нь энэхүү ОНХС-ийн санал асуулгаар дамжуулан иргэд бид л амьдрах буй орчноо өөд нь татах боломжтой учир бусад дүүргүүдийн оршин суугчдыг ч бас санал асуулгадаа идэвхтэй оролцоорой гэж уриалъя.

 

 


Эх сурвалж: Цэгц медиа групп