Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай үүргийн дөрөв дэх онгоцоор Истанбулаас 252 иргэн эх орондоо иржээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: МХЕГ

Монгол Улсын Засгийн шийдвэрийн дагуу гадаад улсаас хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээд татан авах дөрөв дэх удаагийн нислэг буюу Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 01:00 цагт газарджээ.

Уг онгоцоор 252 иргэн эх орондоо ирсэн байна.

Эдгээр иргэнийг Зүчи зочид буудал, Бага баянгийн амралтын газар, Асралтмед эмнэлгүүдэд тусгаарлахаар бэлтгэлээ хангасан тухай өчигдөр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ээлжит мэдээллийн хурлын үеэр мэдээлж байв. 

Халдварын голомтот бүс нутгаас ирж буй иргэдийг Улаанбаатарт ирсэн даруйд биеийн байдлыг хянаж, тандан халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж буй.

Тус нислэгээр ирсэн зорчигчдын биеийн байдлыг хянаж, тандах явц 04:23 цагт үргэлжилж байсан тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газар фэйсбүүк хуудаснаа бичжээ.

Гадаад улсаас хүндэтгэх үзэх шалтгаантай иргэдээ татан авсан тусгай үүргийн нислэгийг одоогоор дөрвөн удаа хийгээд байна.

  • Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 244 иргэнийг эх оронд нь авчрав.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 231 монгол иргэн ирэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц Японоос 257 иргэнээ авчрав.

Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэг нь тусгай үүргийн дөрөв удаагийнх болж буй бөгөөд ингэснээр нийт 984 монгол иргэнийг хүндэтгэн үзэх шалтгаанаар эх оронд нь авчраад байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.