Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Францын Dior, Givenchy брэндүүд үнэртний оронд гар ариутгагч үйлдвэрлэж эхэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Франц улсад шинэ коронавирусийн дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын тансаг эдлэлийн брэндүүд үйл ажиллагаагаа өөрчлөхөөр болжээ.

Christian Dior, Guerlain, Givenchy зэрэг брэндүүдийг эзэмшдэг LVMH групп энэ долоо хоногоос эхлэн үнэртэй усны үйлдвэрлэлээ зогсоож, оронд нь гар ариутгагчийг их хэмжээгээр үйлдвэрлэх болсноо зарласан байна.

Үйлдвэрлэсэн гар ариутгагчаа Францын эрүүл мэндийн яаманд үнэ төлбөргүй хүлээлгэж өгөх бөгөөд эрх баригчид цааш нь эмнэлгүүдэд түгээх ажээ.

“Энэ санаачилгаараа LVMH компани өнөөдөр Франц улсад нүүрлээд байгаа хомсдлыг шийдэж, вирусийн халдвараас өөрийгөө хамгаалахад нь олон хүнд туслах зорилготой байна” гэж тус компаниас гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.

Ер нь зөвхөн Францаар тогтохгүй дэлхийн олон улс оронд гар ариутгагч дутагдаж байгаа. Тухайлбал АНУ-ын Нью Йорк мужийн захирагч Эндрью Куомо шоронгийн хоригдлуудын хөдөлмөрийг ашиглан муж дотроо гар ариутгагч үйлдвэрлэж эхлэх болсныг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: CNN

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.