Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад нэг өдөрт гадаадаас ирсэн халдвар тээгчийн тоо дотоодод илэрсэн тооноос анх удаа давлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Хятадын эх газарт коронавирусийн нийт 11 халдварын тохиолдол илэрсэн нь өмнөх өдрийн 8-аас өссөн үзүүлэлт болжээ.

Гэхдээ эдгээр тохиолдлуудын дөрөв нь дотоодод дамжсан халдвар бол бусад долоо нь гадаад орнуудаас Хятадад ирэгсдээс илэрсэн байна.

Өөрөөр хэлбэл Хятадад анх удаа гадаад гаралтай халдварын тоо нь дотоодод халдварласан тооноос давсан үзүүлэлт болжээ.

Дотоод халдварын тохиолдлууд нь бүгд коронавирусийн дэгдэлтийн төв Хубэй мужид илэрсэн байна. Харин гадаадын долоон тохиолдлын дөрөв нь Шанхайд, нэг нь Бээжинд, хоёр нь Ганьсү мужид Итали, АНУ, Саудын Арабаас ирэгсдээс илэрчээ.

Гадаадаас “импортлогдсон” халдварын тохиолдлын тоо Хятадад нийтдээ 95 хүрээд байна.

Баасан гарагт Хятадад нийт 13 хүн халдварын улмаас нас барсны 10 нь Ухань хотод, гурав нь Хубэй мужийн бусад хэсэгт бүртгэгджээ.

Нэгдсэн дүнгээр Хятадын эх газарт өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын нийт 80,824 тохиолдол, 3,189 эндэгдэл бүртгэгдээд байна.

Ази тив дэх Covid-19 дэгдэлтийн хоёр дахь том төв Өмнөд Солонгос улсад өчигдөр халдварын 107 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх өдрийн 110 тохиолдлоос буурсан үзүүлэлт болжээ.

Өчигдөр халдвартай 204 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарснаар хоёр дахь өдрөө дараалан эдгэрсэн хүний тоо нь шинээр халдвар авсан хүний тооноос давсан байна.

Сүүлд илэрсэн 107 тохиолдлын 62 нь Дэгү хотод илэрсэн бол нийслэл Сөүл хотод 13 тохиолдол бүртгэгджээ. Нийтдээ Өмнөд Солонгост халдварын тохиолдлын тоо 8,086 хүрч, эндэгдлийн тоо 72 болоод байна.

Өчигдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага коронавирусийн дэгдэлтийн төв Ази тивээс Европ тивд шилжсэнийг мэдэгдсэн юм.

Дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай долоон гүрний удирдагчид Даваа гарагт видео холбоогоор шуурхай хуралдаан зохион байгуулж, коронавирусийн тахлын талаар хэлэлцэх гэж байна.

Сүүлийн өдрүүдэд үхлийн аюултай вирус хэнийг ч ялгалгүй халдварлаж байгаа юм.

 Энэ долоо хоногт Канадын ерөнхий сайдын гэргий коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, хоёул тусгаарлагдсан бол өмнөх өдөр нь Холливүүдийн од Том Хэнкс болон түүний эхнэр халдвар авснаа зарласан юм.

Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару, Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте нарын шинжилгээний хариу сөрөг гарсныг Баасан гарагт зарласан байна. 

Өчигдөр бас Австралийн дотоод хэргийн сайд Питер Даттоны шинжилгээний хариу эерэг гарч, Covid-19 вирусээр өвчилсөн нь батлагджээ.

 

Эх сурвалж: AFP, Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.